ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар ээлжит чуулган Саудын Арабт болж байна. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгэх, эсэхийг шийдвэрлэх аж. Монгол орны нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөнүүд нь хүрлийн цаг үед төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн гайхамшигт дурсгалуудын нэгт тооцогддог билээ. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн угсаа гарваль, нийгэм, аж ахуй, соёл, овог, аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон мэдээллийг агуулдаг өв гэдгээрээ онцлогтой. Одоогоор судлан тогтоосноор хэдэн зуун килограммаас дөрвөн тонн хүртэлх жинтэй буган чулуун хөшөөнүүд Монгол орны нутаг дэвсгэрээс олджээ. Тэдгээрт бугыг угалзарсан эвэртэйгээр загварчлан сийлж, дээд хэсэгт нь нар, сар, зүүлт сэлтийг, доод талд нь хутга, байлдааны зээтүү, нум, сум зэрэг хөнөөх зэвсгийг дүрсэлсэн нь олонтоо гэнэ.
Зарим тохиолдолд ирвэс, адуу, гахай, шувуу зэрэг амьтныг дүрсэлсэн байдаг аж. Үүнийг дэлхийн өвд бүртгүүлснээр бүрэн бүтэн байдлыг нь хадгалж, хамгаалахад олон талаар ахиц дэвшил гарахын зэрэгцээ соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэхийг Соёлын яамнаас онцоллоо. Ташрамд дурдахад, Дэлхийн өвийн хороо нь ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцод оролцогч 21 улсын төлөөллөөс бүрддэг гэнэ. Хороо нь ээлжит чуулганаараа дэлхий нийтийн хосгүй үнэ цэн бүхий байгалийн болон соёлын өвийг тодорхойлдог. Ингэснээрээ тэдгээрийг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх, эсвэл хасахыг шийдвэрлэдэг аж. Мөн жагсаалтад бүртгэсэн өвийн хадгалалтын нөхцөл байдлыг хянан шалгах зэргийг хэлэлцдэг юм байна. Тус хорооны 45 дугаар чуулган энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх нь.
Бэлтгэсэн: М.Оч