Улс төрийн гол хоёр нам ирэх парламентын сонгуулиар тойрогт ямар хүмүүсийг сойх, жагсаалтад хэнийг оруулах тохироогоо ярилцсаар байна. Зарим улстөрч “виз”-ээ хэдийн өвөртөлсөн бол зарим “суудал” дээр тохироо хийсэн хэвээр байгаа юм. Гуравдагч хүчний намууд сонгуульд дангаараа оролцох, эсэх, эвсэх бол хэнийг сонгох, хэнтэй нэгдэхээ түрүүчээсээ шийдэж буй. Холимог тогтолцоогоор хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж буй УИХ-ын сонгуульд тодорхой шаардлага хангасан намууд л жагсаалтаар гишүүнтэй болох боломжтой. Энэ удаа бид тойргоос 78, намын жагсаалтаар 48 гишүүн сонгоно. Тэгвэл тойрогт ногдох нийт мандатын 50 хувьтай тэнцэх тооны хүн нэр дэвшүүлсэн нам, эвсэлд жагсаалтаар гишүүнтэй болох үүд хаалга нээгдэх аж. Хамгийн цөөндөө 39 хүн тойрогт “сойж” байж эхний шалгуураа давна гэсэн үг. Үүн дээр нэмээд дангаараа сонгуульд оролцох нам нийт сонгогчийн дөрөв, хоёулаа эвсвэл тав, гурваас дээш нам хамтарвал долоон хувиас дээш санал авах ёстой. Эдгээр шалгуурыг хэдэн нам давах бол.
ДӨРВӨН ХУВИЙН БОСГО ДАВАХ НАМ ХЭД ВЭ
Холимог системээр сонгууль зохион байгуулснаар гуравдагч хүчний намуудад боломж олгоно, парламент дахь төлөөллийг нь нэмнэ хэмээн хууль тогтоогчид ярьдаг. Гэтэл уг тогтолцооны өгөөж гуравдагч хүчний намынханд үнэхээр “наалдах” уу. Намын жагсаалтаар парламентын гишүүнтэй болохын тулд тэд тойрогт нэр дэвшүүлэх 39 хүн олох хэрэгтэй. Хамгийн гол нь нийт сонгогчийн дөрвөөс дээш хувийн дэмжлэг авах учиртай болоод байна. Гэтэл энэ хоёрхон шалгуурыг давах хэмжээний нам манай улсад хуруу дарам. Холимог системээр анх удаа зохион байгуулсан 2012 оны парламентын сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцсон. Тэднээс МАН 26, АН 34, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН хоёр, бие даагч гишүүн гурван суудал авч парламентыг бүрдүүлж байв.
ИЗНН-ын хувьд сонгуульд дангаараа оролцож, нийт сонгогчийн 5.51 хувийн санал авснаар тойргоос хүн сонгогдож чадаагүй ч жагсаалтаар хоёр гишүүнтэй болсон юм. Тухайн үед дангаараа сонгуульд оролцсон нам нийт сонгогчийн таван хувийн санал авсан нөхцөлд хувь тэнцүүлэх тогтолцоогоор парламентад төлөөлөлтэй болох хуулийн зохицуулалттай байв. Тэгвэл одоо дангаар оролцох намын хувьд энэ босгыг нэг хувиар буулгасан гэсэн үг. Харин гурваас дээш нам эвсэл байгуулсан нөхцөлд босгыг өндөрсгөжээ. 2012 оны сонгуульд дээрхээс гадна Хөгжлийн хөтөлбөр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Эх орончдын нэгдсэн, Эх орон, Иргэний хөдөлгөөний нам, МСДН, МУНН, МНН болон БНН, Хамуг Монгол хөдөлмөрийн намын “Гуравдагч хүчин” эвсэл оролцсон юм. Эдгээрээс МНН 15 076, Эх орон нам 9082, МУНН 6516 сонгогчийн санал авсан аж. Уг сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 1 836 548 сонгогч бүртгэгдсэнээс арай олон хүний дэмжлэг авсан гуравдагч хүчин нь эдгээр нам. Гэвч энэ нь нийт сонгогчийн саналын нэг хувьд ч хүрээгүй байх нь.
АН, МАН-аас гадна 2016 онд таван хувийн босгыг МАХН, 2020 онд “Та бидний эвсэл” 8.1, “Зөв хүн электорат” эвсэл 5.23, “Шинэ” эвсэл 5.34 хувийн санал авч давсан байна. Тэгэхээр гуравдагч хүчнийхэн эвсэл болж сонгуульд оролцохгүй л юм бол дангаараа дөрвөн хувийн босго давах чансаатай нь тун ховор байна гэсэн үг. Олон нийтэд харьцангуй нэр хүндтэй хоёр нам нэгдэж, зөв, танигдсан хүмүүсээ нэр дэвшүүлж, бодлого, хөтөлбөрөө гайгүй сайн сурталчилж чадсан нөхцөлд таван хувийн босго давах боломжтой. Харин “эрээвэр хураавар” гурваас дээш нам эвсэл байгуулбал долоон хувийн босго тэдний хувьд алс хол болно. Мөн сонгуульд дангаараа оролцоод, нийт мандатын тооны 50 хувиас дээш тооны хүн нэр дэвшүүлж чадах боловсон хүчний нөөцтэй нь ч ховор. Тухайлбал, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам түүхэндээ 2020 онд л хамгийн олон буюу 21 хүн нэр дэвшүүлж байжээ. Одоо 2024 оны сонгуульд энэ намд дахин 18 хүн “сох дутна” гэсэн үг. Заавал жагсаалтаар хүнээ гаргах биш, тойргоос чадвар чансаатай нэр дэвшигч нь сонгогдож, парламентад төлөөлөлтэй болох боломж мэдээж бүх намд бий. Гэхдээ энд тойргийг биш, жагсаалтыг онцолсныг санах хэрэгтэй.
2012 оны сонгуулиар МНН 15 076, Эх орон нам 9082, МУНН 6516 сонгогчийн санал авсан аж. Уг сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 1,836,548 сонгогч бүртгэгдсэнээс арай олон хүний дэмжлэг авсан гуравдагч хүчин нь эдгээр нам. Гэвч энэ нь нийт сонгогчийн саналын нэг хувьд ч хүрээгүй байх нь.
ТОЙРОГ БОЛ ГОЛ НАЙДВАР
39-өөс дээш тоогоор нэр дэвшүүлэх боловсон хүчний нөөцгүй, эсвэл дөрвөн хувийн босго давах найдваргүй, тэгээд сонгуульд бор зүрхээрээ оролцохыг илүүд үздэг намуудын хувьд тойрогт найдах нь л бодит хувилбар болж байна. Аль ч жижиг улс төрийн хүчинд 2-3 чадал чансаатай, сонгогдох магадлал сайтай нэр дэвшигч олдоно. Тэднийгээ л “өнгөлөхөд” анхаарах хэрэгтэй болох нь. Намын жагсаалтаар, бие амар гишүүн болсон хүмүүс тойрогт өрсөлдөөд чадлаараа сонгогдсон бусдаасаа нэр хүнд “муу” байдаг нь нууц биш. Сонгогчдын олонхын санал авч, мэдлэг чадвар, туршлагаараа ялгаран гарч ирсэн гишүүд нь ч бардам байдаг. 2012 онд парламент бүрдсэний дараа яг л ийм “ялгаварласан” уур амьсгал зонхилдог байв. Өөртөө итгэлтэй, хийсэн ажилтай, хэлэх үгтэй улстөрчид бол тойргийг илүүд үзэж буй. Улс төрийн гол намуудын хувьд ч тойрогт хэнийг сойх вэ гэдэг нь жагсаалтаас илүү чухал, толгой ажиллуулж, тооцоо бодсон ажил болоод байна. АН-ынхан 2020 оны сонгуульд намынхаа нэрийг авч гарсан УИХ-ын гишүүдээ хин хуучин тойрог руу нь илгээхээ мэдэгдсэн. Нэг удаа сонгогдож чадсан юм, хоёр дахиа санал авах боломж тэдэнд бий гэж үзжээ. МАН-ынхан ч хуучин улстөрчдөө жагсаалтад оруулахгүй гэдгээ мэдэгдээд байна. Тэд мэдээж шууд “тэтгэвэрт” гарахгүй. Тэгэхээр намынхаа нүүр царай болсон “хуучин” улстөрчдөөс цөөнгүй нь тойрогт нэр дэвших болов уу.
Холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулахад дээд тал нь 5-6 намын төлөөлөл л парламентад сонгогдож чадна хэмээн улс төр судлаачид үзэж буй. Бодит боломж нь ч ийм юм. Тэгэхээр парламент дахь намуудын төлөөллийг нэмэхэд холимог тогтолцоо том ялгаа авчрахгүй нь. Улс төрийн намуудын өнөөдрийн чадавх, нөөц бололцоо нь Сонгуулийн хуульд оруулсан шалгуурыг давж дийлэхгүй аж. Тиймээс тэдний хувьд шилний цаанаас чихэр долоолгосонтой л адил сонгууль болж мэднэ. Харин намын жагсаалтад хүйсээр сөөлжиж бичихээр хуульчилсан учраас 24 эмэгтэй “ногоон гэрлээр” УИХ-д орж ирнэ. 78 тойргоос ч тодорхой хувьд нь чадварлаг бүсгүйчүүд сонгогдож чадна. Мөн энэ удаагийн парламентад жагсаалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирнэ гэдэг нь тодорхой болчихоод байна. Холимог тогтолцооны өгөөж ийнхүү нийгмийн төлөөлөл дээр л илүү харагдах нь.