Монголд олон улсын таеквондогоор хичээллэж, амжилт гаргасан олон шилдэг тамирчин бий. Тэдний нэг нь ОУХМ С.Будхүү. Энэ спорттой үнэнч нөхөрлөсөн түүнд гадаадын тэмцээнээс медальтай ирсэн удаа цөөнгүй. Тухайлбал, Казахстаны Астана хотод өнгөрсөн сард болсон ДАШТ-д оролцож, таван медаль гардсан. Тэрбээр багийн техник дасгал, тулаан, хатуу биет хугалах төрөлд тус бүр хүрэл, мөн III даны түль, ганцаарчилсан тулааны төрөлд тус бүр мөнгөн медаль зүүж хүчтэй өрсөлдөгч болохоо батлан харуулсан юм. Дэлхийн тулааны дэвжээнд 2011 оноос хойш дөрвөн удаа гарахдаа шагналын тавцанд найман удаа зогссон бахархам түүх түүнд бий. Өдгөө Завхан аймгийн Улиастай дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажилладаг тэрбээр ахмад цолтой. “Цэцэн шонхор” клубийг үүсгэн байгуулсан цагаасаа шавь нараа дасгалжуулж, тивийн болон олон улсын тэмцээнд сойдог болжээ. Аймгийнхаа дөрвөн сумд салбар клубээ нээж, таеквондогоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуусыг тамирчнаар бэлтгэсэн түүнийг зочноор урилаа.
-Тулааны спортод амжилт гаргах амаргүй. Хичээллэсэн эмэгтэйчүүдийн олонх нь гэрийнхэнтэйгээ багагүй зөрчилдөж байж сонгодог юм билээ.
-Би 2005 оноос өнөөг хүртэл таеквондогийн спорттой нөхөрлөж байна. Тэр үед МУБИС-ийн түүх, нийгмийн ангид сурдаг оюутан байлаа. Нэг өдөр тулааны спорт сонирхож буйгаа хэлэхэд ойр дотнын хүмүүс таатай хүлээж аваагүй тул аав, ээжээсээ хоёр жил нуусан. Гэрийнхэн гурав дахь жилээс нь мэдэж “Чамайг хориод дийлэхгүй нь. Эхлүүлсэн зүйлийнхээ үр дүнг заавал үзээрэй” гэснээр тууштай хичээллэсэн. Өглөө нь сургууль, өдөр нь бэлтгэлийн заал, орой нь гэр гэсэн жимээр завгүйхэн гүйхэд оюутны он жилүүд харвасан сум шиг өнгөрсөн байв. Багаасаа аливаа зүйлийг цаг хугацаанд нь амжуулахаар хичээдэг байв. Тэр зан минь одоо ч өөрчлөгдөөгүй. Улаанбаатар хотын АШТ-д анх оролцож, медальгүй хоцорчихоод дахиж ялагдахгүй гэж өөртөө амлалт өгснөөр шагналын тавцанд зогсдог болсон доо.
-Дуртай спортоо нутагтаа хөгжүүлж, тамирчид бэлтгэх бодол тэр үеэс төрөв үү?
-Тийм ээ. Амжилтынхаа гарааг алтан медалиар эхлүүлж, тамирчны замналд хөл тавихад гэрийнхэн минь дэмжсэн. МУБИС-ийг төгсөөд магистрт сурах хугацаанд мэргэжлээрээ нэг хэсэг ажилласан. Бэлтгэл хийдэг клубтээ туслах багш болох үеэс таеквондог нутагтаа хөгжүүлэх бодол төрсөн юм. 2010 онд “Цэцэн шонхор” клуб байгуулан тамирчид бэлтгэж эхэлсэн. Ингэж нэрлэсэн минь их учиртай. Монголчууд шонхор шувууг их бэлгэддэг. Жигүүртнээс хамгийн хурдан нисдэг нь. “Монголын нууц товчоо”-нд шонхор шувууг “Нар, сарыг атгаж ирээд миний зүүн гар дээр суув” гэж өгүүлсэн байдаг. Цэцэн хэмээх үгийг төвөдөөр хөрвүүлбэл “Ухаантай мэргэн” гэсэн утгатай үг юм билээ. Аймагтаа таеквондог хөгжүүлэхээр очиход хүмүүс эхэндээ ойлгохгүй “Охин минь зодолдож, бусдын гар, хөлийг бэртээн, толгойг нь хагалаад яах вэ” гээд дурамжхан байлаа. Хүүхдүүд “Аав, ээжийг юу ч гэж хэлсэн хамаагүй хичээллэнэ” гээд ирдэг болсон. Зориод ирсэн шавь нарынхаа харцнаас хүсэл мөрөөдлийг нь олж хараад шантрах эрхгүйгээ тэр үед ойлгосон доо. Миний хувьд ямар ч саадтай тулгарсан клубээ тууштай ажиллуулахаар хичээсэн. Зарим үед бэлтгэл хийх заал олдохгүй. Хавар, зун, намрын улиралд тамирчдаа голын эрэгт бэлтгэл хийлгэдэг байв. Тэр үеийг бодвол одоо олны хандлага өөрчлөгдсөн шүү.
-Голын эрэг дээр хоёр шавиа бэлтгэл хийлгэж байсан багш одоо олон тамирчинтай болж, клубээ өргөжүүлжээ.
-Завхан аймаг 24 сумтай. Клубээ өргөжүүлж, Алдархаан, Цагаанхайрхан, Отгон, Тосонцэнгэл сумд салбартай болгосон. Шавь нар түрүүчээсээ салбар клубт дасгалжуулагчаар ажиллаж эхэллээ. Манай аймагт энэ спортоор дэлхийн аварга болсон хоёр тамирчин бий. Нэг нь би. Мөн Азийн алт, мөнгө, хүрэл медальтай тамирчин цөөнгүй бий. Миний анхны шавь болж хичээллэсэн хоёр тамирчны нэг нь ээж болж, нөгөө нь БНСУ-дих сургуульд суралцаж төгслөө. Улаанбаатарт 2011 онд болсон тэмцээнд тэднийгээ оролцуулахад нэг нь мөнгөн медаль хүртэж урам өгсөн шүү. Шавь нартай болсноор үүрэг хариуцлага тамирчин байх үеийнхээс улам нэмэгдсэн. Түмний хүүхдийн мөрөөдлийг тээж яваа тул би ч хичээсэн. Миний гол зорилго бол хүүхдээ спортоор хичээллэхийг аав, ээж нь дэмждэг болгоход чиглэж ажилладаг. Хүүхдүүд хэн нэгэнд дээрэлхүүлэхгүй, эсвэл гаднын нөлөөнөөс биеэ хамгаалах зорилгоор таеквондод хөл тавьдаг ч хичээллэх явцдаа зодолдох бус, хүндлэл юм байна гэдгийг ойлгодог. Спорт хүнийг муугаас холдуулж, зөв зүйлд хөтөлдөг юм шүү дээ.
-Түүх, нийгмийн багш мэргэжилтэй бүсгүй цагдаагийн байгууллагын ажилтан болсон нь өөрийн эрхгүй сонирхол татаад байх юм.
-Цагдаагийн газарт туслах ажилтнаар нэг хэсэг ажиллаж байгаад эрхзүйч мэргэжлээр суралцсан. Энэ ажлыг хийх амар биш ч үүнийг би хийхгүй юм бол хэн хийх вэ гэсэн бодол төрсөн юм. Албан үүргээ гүйцэтгэхэд тулааны спортоос суралцсан бүхэн минь алхам тутамд хэрэг болдог.
-Таеквондо таныг хэр өөрчлөв?
-Спортоор хичээллэснээр түргэн зан минь засарч, хүлээцтэй, тайван болсон. Дорно дахины бие хамгаалах урлагийн үндсэн зарчим бол бусдыг хүндлэх. Тиймээс даруу занг эрхэмлэдэг. Багш бидэнд “Ямар ч хүнийг хүн гэж хүндлэн харилцаж бай” гэж сургасан. Тамирчин хүн төлөвшиж, хичээллэдэг спортынхоо давуу талыг ойлгож, мэддэг болсон үедээ бусдын харилцаа, санаа бодлыг зөв хүлээж авдаг. Би үндсэрхэг үзэлтэй хүн шиг байгаа юм. Тэмцээний үед гадаадын тамирчидтай англи хэлээр ойлголцох чадвартай хэрнээ монголоор ярьдаг. Олон улсын үзэгчид Монголыг надаар төлөөлж харах тул эх орныхоо хэл, соёл, үндэснийхээ онцлог, байдлыг харуулахыг хичээдэг. Олон улсын таеквондо БНАСАУ-ын үндэснийх нь спортын нэг төрөл. Тиймээс дэлхийд танигдсан шилдэг тамирчидтай. Тэд 2015 онд болсон ДАШТ-д багийн төрөлд түрүү байраа алдсан болохоор энэ удаа сайтар тооцоолж тулалдсан нь тэмцээний үед анзаарагдсан.
-Хилийн дээс алхаад тухайн улсаас хамгийн түрүүнд олж хардаг зүйл тань юу бол?
-Гадаадын тэмцээнд оролцохоосоо өмнө тухайн улсын цаг агаар, цагийн зөрүүг сайтар судалж, бэлтгэлээ хийдэг. Очсон улс бүрээс иргэдийнх нь ажиллаж, амьдарч буй орчин нөхцөл, улсынх нь хөгжлийг сонирхож хардаг. Непал Монголтой харьцуулахад хөгжлөөр буурай. Тэнд 2014 онд болсон олон улсын тэмцээнд оролцоход ус нь бүх зүйлээс өндөр үнэтэй байсан нь миний анхаарлыг татсан юм. Тэр үед ард түмэн нь усаа хайрлаж, гамтай хэрэглэдэг болохыг ойлгосон. Дараа нь БНХАУ-д зохион байгуулсан тэмцээнд очиход бүртийх ч хоггүй орчин угтсан нь таатай сэтгэгдэл төрүүлж байлаа. Монголчууд ямар ч оронд очсон орчин нөхцөлд нь амархан дасан зохицдог. Казахстан ДАШТ-ийг цаг агаарын хамгийн тааламжтай үед зохион байгууллаа. Иргэдийнх ньолонх нь хотоос алсхан газарт аж ахуй эрхэлдэг болов уу гэмээр харагдсан. Астана хотод спортын цогцолбор олноор байгуулсныг хараад манайхан ч гэсэн тэдэн шиг хөгжөөсэй гэж бодсоноо нуух юун. Байрласан буудал руугаа явах 500 гаруй метрийн зайд барьсан гурван том спортын цогцолборын ойролцоо Назарбаевийн их сургууль байгааг хараад сурмаар санагдсан шүү. Монголчууд хэнэггүй зантай. Бусдын сайн талаас суралцдаггүй нь хаана ч явсан анзаарагддаг. Өөрсдөө хийж, бүтээхгүй хэрнээ шүүмжлэх дуртай. Гадаадад өндөр торгуулахаас эмээж, иргэдийнх нь адил хууль, дүрмийг нь баримталж амьдардаг хэрнээ эх орондоо ирээд өмнөх шигээ хэнэггүй зангаа гаргана.
-ДАШТ-д оролцохоор та Болгарыг хэдэнтээ зорьсон. Сайхан дурсамж үлдээсэн байлгүй дээ.
-Болгарт 2013 онд болсон ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцохдоо багийн төрлөөс мөнгөн медаль хүртэж байлаа. Түүнээс хоёр жилийн дараа Пловдив хотод зохион байгуулахад багаараа хатуу биет хугалах төрөлд түрүүлж, дэлхийн аварга болсон. Багийнхнаас минь М.Мөнхжаргал, Б.Бишгарав, Ж.Баттулга нар ганцаарчилсан төрөлд медаль гардаж, Монголын тамирчид ямар ч тэмцээнд ялах боломжтойг харуулсан. Бидэнд тус улс сайхан дурсамж үлдээжээ. Иргэдийнх нь амьдралын хэв маяг хойд хөршийнхөнтэй тун төстэй. Цаг агаар нь дулаан, уур амьсгал нь чийглэг. Тэндхийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс жимс нь амттай байсан нь их таалагдсан шүү.
-Азийнхнаас Монгол, БНСУ-ын тамирчид туль, хатуу биет хугалах төрөлд аваргын төлөө шалгардаг гэж сонссон.
-Европын тамирчид биерхүү, өндөр болохоор оноо сайн авдаг. Азийнхан бяр, ойрын зайн хурданд тулгуурлана. Бид өндөр тамирчидтай таарна гэж тооцоолон бэлтгэл хийж, дасгалжуулагчтайгаа зөвлөлдөөд тактик боловсруулдаг. Тэмцээнд сэтгэлзүйчтэй оролцохын давуу талыг сая мэдэрлээ. Монгол Улс спортын сэтгэлзүйчидтэй болсон нь сайн хэрэг. Монголын эмэгтэй тамирчид багийн туль, хатуу биет, тулаан гэсэн гурван төрөлд өрсөлддөг. Багийн төрөлд оролцсон тамирчдаас би цагдаа, Ч.Дэлгэрцэцэг ОБЕГ, Я.Энхзул хил хамгаалах байгууллагад ажилладаг. Бид ДАШТ-ээс багийн болон ганцаарчилсан төрөлд тус бүр медаль зүүлээ. Монголчууд таеквондогоор олон жил хичээллэсэн ч солонгос тамирчдын техникт хараахан хүрдэггүй. Цэргийн генерал цолтой Чой Хон Хи хэмээх хүн олон улсын таеквондог эх орондоо хөгжүүлж, дэлхийн спорт болгосон. Бид ч гэсэн үндэснийхээ спортыг хөгжүүлж, дэлхийн үзэгчдийн сэтгэлийг татдаг болох сон. Европынхон монголчуудыг Хятадын тамирчдаас ялгадаггүй. Тэмцээний үед бид тэднээс ялгарах онцлог, бахархах зүйлтэй ард түмэн гэдгээ үндэснийхээ соёл, хувцас, авьяасаараа харуулахыг зорьдог. Манай үндэсний хувцас загвар хийц, өнгө үзэмжээрээ гадаадынхны сонирхлыг их татдаг юм.
-Гадаадын тамирчдаас танд сайхан бодол төрүүлсэн тулаанч байдаг уу?
-Казахстаны тамирчинтай ДАШТ-д оролцох бүртээ мэндэлдэг. Тэрбээр энэ удаа гурван хүрэл, нэг мөнгөн медаль хүртлээ. Мөн Болгар, Японы тамирчинтай тэмцээнд оролцсоор байгаад танил болсон. 2011 онд 45 кг-ын жинд манай тамирчинд ялагдсан Японы тулаанчийг энэ удаа туль төрөлд өрсөлдөхийг нь хараад “Тэрбээр насаараа тулийн (техник дасгал) төрөлд оролцлоо доо” гээд бодож зогссон. Тэрбээр БНАСАУ-д болсон ДАШТ-д хүрэл медалийн болзол хангачихаад өөртөө шинэ өмсгөл худалдаж авч билээ. Тэр үед түүний баярласан харц сэтгэлд тод үлджээ.
-Ажлаа амжуулахын тулд сар, улирлаар нь төлөвлөдөг үү?
-Хэсгийн байцаагчийн ажлыг найм дахь жилдээ хийж байна. Ямар ч завгүй байсан ажлаа няхуур, нямбай, хянуур хийх ёстой. Заримдаа хоногийн 24 цаг хүрэлцэхгүй санагддаг тул ажлаа өдөр, хоног, сараар нь төлөвлөж амжуулна. Би айлын бага охин. Ээж, ах, эгч нар минь ойлгож, дэмждэгийн хүчинд тэмцээнд амжилттай оролцож, ажлаа ч сэтгэл тайван хийдэг. Надад найзуудтайгаа уулзах цаг зав ховор. Зовлон, жаргалаа хуваалцдаг нөхөдтэйгөө хааяа л уулзана. Ажлын ачааллаас шалтгаалж, шавь нарынхаа бэлтгэлийг орой хийлгэх тохиолдол бий. Тиймээс өглөө хичээл эхлэхээсээ өмнө 06.00 цагт тамирчдаа бэлтгэл хийлгэдэг. Манай клубийнхнээс хамгийн бага нь дөрвөн настай, ахмад нь XII ангийн сурагч. Дасгалжуулагч багшаар олон жил ажилласны хувьд шавь нарынхаа харц, хөдөлгөөнийг хараад сэтгэл зүйн байдал нь ямар байгааг, нойр, хоол, амралтаа хэрхэн зохицуулсныг андахгүй мэддэг болсон. Ээж 2018 онд миний бэлтгэл хийхийг харчихаад “Чи жаахан удаан байна шүү” гээд шүүмжилж билээ. 30 насны босгоор алхсан миний хувьд ид хичээллэж буй тамирчдын хурдыг яаж гүйцэх вэ. Ээжийн хэлсэн үг хурдтай, шаргуу байх хэрэгтэйг сануулсан зөвлөгөө байлаа.
-Завгүй ажиллах заримдаа халширмаар санагддаг биз?
-Миний хувьд саад бэрхшээлтэй тулгардаг ч халширч байгаагүй. 2015 онд хээрийн бэлтгэлээс бууж ирээд жаахан ядарсан. ДАШТ-д оролцохын өмнө болих уу, үргэлжлүүлэх үү гэж хэд хоног бодож билээ. Энэ удаа хавиргаа гэмтээсэн ч ДАШТ-д оролцохоор шийдсэн тул бэлтгэлээ таслалгүй хийж байгаад Казахстан явсан. Энэ ташрамд, гэрийнхнээс минь дутуугүй сэтгэл гаргаж дэмждэг байгууллагынхаа удирдлага, хамт олонд “Миний амжилт та нарынх. Будхүү ганцаараа ДАШТ-ээс медаль гардаагүй, нөхөд минь ч бас хамт хүртсэн шүү, баярлалаа” гэдгийг хэлэхийг хүсэж байна. Мөн шавь нартаа “Зорилгодоо хүрэхийн тулд хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тууштай байгаарай.Та нарыг надаас илүү амжилт гаргана гэдэгт үргэлж итгэдэг” гэж хэлье.