“Irun Mongolia” клубийн багш дасгалжуулагч, Монголын хэт холын уулын жимийн гүйлтийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хөнгөн атлетикийн хэт холын зайн гүйлтийн ОУХМ, цанын спортын дэд мастер, ахмад тамирчин Ш.Батсүх өдгөө 70 настай. Түүний насандаа баймгүй эрч хүч, бэлтгэлээ таслахгүй хийдэг тууштай байдлаас олон залуус үлгэр дуурайл авдаг. Спорттой нөхөрлөсөн амьдралд нь сайхан дурсамж, өөдрөг бодол үлдээсэн тэмцээн цөөнгүй бий. Тухайлбал, БНСУ-ын Жонбук хотод өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын мастеруудын II наадмаас тэрбээр гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Тус наадмын хөнгөн атлетикийн 400, 800,1500 метрийн зайн гүйлтийн төрөлд түрүүлж, 5000 метрийнхэд удаалсан юм. Үүнээс өмнө Малайзын Куала-Лумпур хотод 2010 онд болсон мастеруудын хөнгөн атлетикийн 16 дахь удаагийн Ази тивийн АШТ-д оролцож, 5000 метрийн зайд түрүүлж байв.
-Та Жонбукаас ирснийхээ дараахан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан ОУХМ Д.Ариунжаргалтай хамт 100 км замыг есөн цаг 14 минутад туулж, нутгийнхандаа бэлэг барьсан. Ахмад тамирчдаас зорилгодоо үнэнч, ямар ч бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн хат, тэвчээр харагдах юм.
-Бид Өмнөдэлгэр сумынх, нэг голд төрж, өссөн. Нутгийнхаа түүхт 100 жилийн ойн баяр наадмаар 100 км гүйж, сумынхаа зон олонд бэлэг барихаар шийдсэн юм. Д.Ариунжаргал Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Надаас залуу болохоор эрч хүчтэй, хурдан. Түүнтэй хамт барианаас гарсан ч ард нь хоцорсон тул бараадасхийгээд л гүйсэн. Бид гүйлтээ шөнийн 01.00 цагаас эхлүүлж, 40 гаруй км туулаад байтал ширүүн бороо орсон. Тамирчин хүн байгалийн ямар ч үзэгдэлтэй тулгарсан тэсвэр хатуужлаар даван туулах шаардлага гардаг. Хүйтэн бороонд нойтон хувцастай гүйх хэцүү санагдсан ч зорьсноо биелүүлэхийн тулд цааш үргэлжлүүлсэн. Биднийг 100 км зам туулж ирэхэд сумын Засаг дарга, Тамгын газрын хамт олон, нутгийн иргэд халуун дотно угтаж авсан шүү.
-Хэр баргийн хүнээс ингэж гүйх эр зориг гарахгүй. Та хэдэн сарын өмнөөс бэлтгэл хийж, бие, сэтгэл зүйгээ бэлдсэн байх.
-Бэлтгэл сургуулилалт хийхгүйгээр 100 км зам туулах амаргүй. Тиймээс өдөрт 2-4 цаг тасралтгүй гүйж, биеэ дасгасан. Урьдчилж бэлтгэл хийсний үр дүнд ажрахгүй тууллаа. Гүйх үед Д.Ариунжаргалыг хүргэн нь, намайг 10 жилийн ангийн найз Насанжаргал машинтай дагаж хоол хүнс, хувцас, хэрэг болох зүйлээр хангаж явсан.
-БНСУ-ын Жонбук хотод өнгөрсөн тавдугаар сард болсон Ази, Номхон далайн орнуудын мастеруудын спортын II их наадмын дурсамж үлдээсэн баярт мөчөөр эргэж нэг аялъя. Тэнд хөнгөн атлетикийн олон тамирчин өрсөлдөж, шагналын тавцанд зогссоны нэг нь та байсан шүү дээ.
-Тус наадамд Монголоос 300 гаруй тамирчин спортын есөн төрөлд ур чадвараа сорьж, медалийн хуртай ирсэн. Үүнээс ч олон тамирчин оролцох байсан ч заримынх нь виз гараагүй. Хөнгөн атлетикийн тэмцээнд хэт холын зайн гүйлтийн тамирчид багаараа тэргүүн байр эзэлсэн. Миний хувьд 70-74 насныхны ангилалд ойрын зайн төрөлд хурд сорьсон юм. Үүнээс 400, 800, 1500 метрийн зайд аварга боллоо. 5000 метрийн уралдаанд БНСУ-ын тамирчинтай ана мана өрсөлдсөн ч надаас хэдхэн секундийн өмнө барианд орж түрүүлсэн. Монголын хөнгөн атлетикийн тамирчид тивдээ хүчтэй өрсөлддөг. Тэднээс Ц.Раднаа гуай 85 насандаа ойрын зайн дөрвөн төрөлд түрүүлж, хувийнхаа амжилтыг ахиулснаас гадна дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Дараагийн наадамд аваргуудын амжилтыг буухиалах тамирчин манайд олон бий. Тухайлбал, Д.Дамдинжав, Б.Загдаа, Б.Вандан-Очир гээд. Тэд мастеруудын тивийн төдийгүй ДАШТ-ий болзол хангах шилдэг тамирчин. Би Малайзын Пенанг хотод 2018 онд болсон Ази, Номхон далайн орнуудын мастеруудын анхдугаар наадмаас мөн гурван алт, нэг мөнгөн медальтай ирсэн.
-Тамирчны гараагаа та цанаар эхлүүлсэн гэдэг. Өвөл гулгадаг биз?
-Дархан-Уул аймгийн барилгын техникумд 1977 онд суралцсан. Тэнд цанын шигшээ багийн тамирчин байхдаа Монголын бүх ард түмний спартакиадад оролцож, цөөнгүй түрүүлсэн. Тухайн үед тамирчдыг спартакиадын тэмцээний нэг л төрөлд оролцуулдаг байв. Шигшээгийхэн П.Молом багшийн удирдлагад бэлтгэл хийж, дотооддоо зохион байгуулсан тэмцээнд эхний гурван байрт байнга шалгарна.
1990 оны зах зээлийн шилжилт хөдөлгөөний үед спортын салбарын хөгжил саарахад хэсэг хугацаанд завсарлаж, 2000 оноос хөнгөн атлетикийн олон улсын нээлттэй тэмцээнд оролцож, амжилтаа ахиулсан. Хөнгөн атлетикт амжилт гаргах амаргүй. Маш их тэвчээр, хатуужил, мэдрэмж шаарддаг. Энэ спортынхны хийх бэлтгэл нь хүнд, ачаалал ихтэй. Тиймээс бие, сэтгэл зүйгээ сайтар бэлдэж, нойр, хоол хүнс, ажил, амралтаа зохицуулж байж зорилгынхоо төлөө зүтгэдэг. Спортын төрлүүд нэгнийхээ суурь болдог давуу талтай. Цанын бэлтгэлийн ачаалал дааж сурсан надад гүйх хэцүү санагдаагүй.
-Хилийн дээс алхсан орнуудаас ямар улс сайхан бодол төрүүлэв?
-Малайзад 2010, Тайваньд 2012, Японд 2013, Сингапурт 2014, БНХАУ-ын Шанхайд 2015, 2016, БНСУ-д 2018, АНУ-ын Нью-Йоркт 2019 онд болсон зургаан өдөр, шөнийн гүйлтийн тэмцээнд хурд сорьсон. Зорьсон улсаас Япон материаллаг бааз сайтай. Ард түмнийх нь хөдөлмөрч, цэвэрч, ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлага, эрүүл мэндийнхээ төлөө спортоор хичээллэдэг идэвхтэй байдал нь бахархал төрүүлсэн. Нийтийн биеийн тамир өндөр хөгжсөн тул иргэд нь өглөө эрт босож, дасгал хөдөлгөөн хийдэг. Монголчууд тэдэн шиг өглөөг эрч хүчтэй угтан, өдрийг үр бүтээлтэй ажиллаж өнгөрүүлдэг байгаасай. Манай залуус нэг үеэ бодвол эрүүл мэнддээ анхаарал хандуулж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйдэг болжээ. Хүн бүрт эрүүл амьдрах боломж бий. Спортоор хичээллэж, амжилт гаргахдаа бус, идэвхтэй амьдрахын төлөө цаг зав гаргадаг байхад болно. Энэ нь өөрийгөө эмгүйгээр эмчилж, хөдөлгөөний дутагдлаас аварч байгаа юм.
-Хүний хүсэл, мөрөөдөл хязгааргүй. Мастеруудын ДАШТ-д түрүүлэх сэн гэж боддог уу?
-Тэгэлгүй яах вэ. Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-д аварга болохыг хүсдэг. 2025 онд болох тэмцээнд оролцохоор одооноос бэлтгэлээ базааж байгаа. Өмнө нь БНСУ-ын Дэгү хотод 2016 онд болсон ДАШТ-д V байр эзэлсэн юм. Хэдийгээр медальгүй хоцорсон ч дараагийн тэмцээнээс заавал хүртэнэ гэсэн зорилго тээж ирсэн.
-Хүүхдүүд тань спортод хэр сонирхолтой вэ. Тэднээс тамирчин төрөв үү?
-Манайх гурван хүүхэдтэй. Охин минь ханан хад, мөсөнд авиралтаар хичээллэж, спортын мастер цол хүртсэн. Хань минь хэт холын зайн 12 цагийн гүйлтийн тэмцээнд оролцож, спортын дэд мастер цолны болзол хангаж байв. Тамирчид урам, сэтгэлийн дэм, хичээл зүтгэлээр урагшилдаг. Гэр бүл минь ойлгож, дэмжсэнээр олон тэмцээнээс медаль зүүлээ. Тэднийхээ итгэл найдварын ачаар амжилт гаргасандаа баярладаг.
-Тэмцээний зардал олдохгүй, тэвдэж явах үед нь тусалсан хүмүүсийг тамирчид хэзээ ч мартдаггүй юм билээ. Танд гар сунгаж тусалсан хүн байдаг уу?
-Бий, бий. Энэ жил зардлын мөнгө олдохгүй бол Ази, Номхон далайн орнуудын мастеруудын II наадамд оролцохгүй гэж бодож байлаа. Миний төрсөн өдөр дөрөвдүгээр сард болдог. 70 насны минь ойн баярыг тохиолдуулж, Монголын хэт холын зайн уулын жимийн гүйлтийн холбооны тэргүүн Д.Ганбат, мөн гишүүн дүү нар зардлыг минь дааж, онгоцны тийз бэлэглэсэн. Надад хамт олон минь цөөнгүй тус хүргэсний нэг нь энэ. Анхдугаар наадамд, мөн АНУ-д зохион байгуулсан зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд өрсөлдөхөд ивээн тэтгэж, амжилт гаргах нөхцөл, боломжоор хангаж байлаа. Хэн ч тэмцээнд ялагдах гэж оролцдоггүй. Би олон хүний итгэл найдварыг тээж явдаг болохоор медаль хүртэхийг хичээдэг. Зорилгоо биелүүлж ирчихээд нөхдийнхөө баярласан харцнаас эрч хүч авах дуртай.
-Тэмцээнээс хүртсэн медалиудаа хараад энэ спортоор бахархдаг гэж бодож байна.
-Спортын ертөнц тэмцэл ихтэй. Талбарт нь өрнөсөн өрсөлдөөнөөс цойлж, медалийн тавцанд зогсоно гэдэг уйгагүй хичээл, зүтгэл шүү дээ. Хөдөлмөрлөхгүй, хөлс гаргахгүйгээр амжилтын тухай ярихгүй. Тиймдээ ч олон зүйлээр сорьсны эцэст амжилт ирдэг.
-Та “I run Mongolia” клубийн анхны гишүүдийн нэг. Таван жилийн хугацаанд олон шавьтай болсон байх аа?
-Би Биеийн тамирын дээд сургуульд эчнээгээр суралцаж төгссөн. Нийслэлийн 35 дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж, гавьяаныхаа амралтад гартлаа олон тамирчин бэлтгэсэн. Хөнгөн атлетикаар намайг дагаж хичээллэсэн шавь нар бий. Тэдэндээ тэмцээний үед мэдэх, чадах зүйлээ харамгүй хэлдэг. Энэ спортоор сонирхон хичээллэж буй хүүхэд, залуус мэргэжлийн дасгалжуулагчдаас зөвлөгөө авах нь зүйтэй. Хүн бүрт хичээвэл нөөц, боломж бий. “Давуу талаа зөв хөгжүүлбэл хүсэл, мөрөөдөлдөө хүрэхэд хол биш. Хамгийн гол нь бодож, зорьсон зүйлээ замын дундаас орхилгүй үр дүнг нь заавал хараарай” гэж хэлье.