“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-т Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс хамрагдсан өрхүүдэд тоног төхөөрөмж олгожээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан АХБ-ны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн 3 дүүрэгт хэрэгжүүлж байгаа “Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-т хамрагдсан өрхүүдэд тэдний сонгосон өрхийн бичил бизнес эрхлэхэд нь тохирсон багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг дүүрэг, хороо бүрт үе шаттайгаар зохион байгуулж байна.
Өчигдөр Сонгинохайрхан дүүргээс уг төсөлд хамрагдаж буй 886 өрхөөс “Хоол үйлдвэрлэл”-ийн багцыг сонгосон 124 гишүүн-өрхөд багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж гардуулжээ.
Туршилтын хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан гишүүн-өрхийн идэвх оролцоог сайжруулах, амьдрах ухааны болон бизнесийн үндсэн ур чадварыг хөгжүүлэх, өрхөд тохирох бизнесийн сургалтад хамруулах зэрэг чадавхи бэхжүүлэх цуврал арга хэмжээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дунд шатны хороод, көүч нар хамтран зохион байгуулаад байна.
Уг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай олон өрх өөрсдийн сонгосон аж ахуйгаа өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлж, цаашид тогтвортой амьжиргаанд хүрэх боломж бүрдэх юм.