Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулганыг ЭЗХЯ, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран өчигдөр зохион байгууллаа. Уг чуулганы зорилгыг “Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх тэргүүлэх чиглэлээ энэ сарын 18-19-нд Нью-Йоркт болох НҮБ-ын дээд түвшний уулзалтад танилцуулахад бэлтгэх” хэмээн тодорхойлжээ. Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид тэргүүтэй төр, хувийн хэвшлийн олон байгууллагын төлөөллийг тус чуулганд оролцуулсан бөгөөд НҮБ-ын дээд түвшний уулзалтад танилцуулах төслийн эргэн тойронд санал солилцсон юм.
Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний үүрэг, амлалт, хурдасгуур буюу тэргүүлэх чиглэлийг Засгийн газраас тодорхойлоод буй аж. Үүнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, тэгш, хүртээмжийг сайжруулах талаар дурджээ. Мөн инновац, шинжлэх ухаан, технологид суурилсан дижитал шилжилтийг бүрэн хийх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх замаар эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг хангахаар тусгасан аж. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох, энэ хүрээнд байгаль орчны тогтвортой байдлыг хангах, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах зэрэг 12 зорилтыг багтаажээ.
НҮБ-аас 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг тодорхойлсон байдаг. Дээрх хугацаа болоход долоон жил үлдсэн гэсэн үг. Гэтэл улс орнуудын өнөөгийн байдлаас харахад, товлосон хугацаанд уг 17 зорилтыг биелүүлж чадах, эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ. Тиймээс эхний ээлжид үнэхээр биелүүлж чадах тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон, түүндээ хүрсэн байхыг улс орнууд чухалчилж буйг үндэсний чуулганы оролцогчид хэлсэн юм. Тухайлбал, манай улс юуны өмнө шинээр тодорхойлсон 12 зорилтоо биелүүлэх, үүрэг амлалтдаа хүрэхийн тулд олон талын оролцоог хангах нь зүйтэй аж. Үүний хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутаг болон залуучуудын төлөөллийг ч хамруулан эрчимтэй ажиллах шаардлага тулгамдаж буй гэнэ. Тиймээс амлалтдаа хүрэхийн тулд талууд үйлдлээрээ нэгдэж, үр дүнтэй ажиллах ёстойг чуулганд оролцогчид хэлж байлаа.