Говь-Алтайнхан өнгөрсөн сард үндэсний өв соёл, зан заншлаа сурталчлан таниулах зорилготой “Жангар-2023” арга хэмжээг зохион байгуулсан бол олон ястны өлгий нутгийнхан тун удахгүй үүнтэй ижил нэртэй наадмаа хийх нь. Ховдчууд орон нутгийнхаа аялал жуулчлалыг дэмжих зорилгоор жил бүр “Жангар” өв соёлын наадам зохион байгуулсаар ирсэн. Харин энэудаа 2023 оныг “Ховдод зочлох жил” болгон зарласантай холбогдуулан уг арга хэмжээгээ урьдынхаас өргөн дэлгэр хийхээр зорьж буй гэнэ. Энэ сарын 27-28-нд болох наадмын үеэр баруун Монголын олон ястны өв соёл, зан заншил, аж амьдралын онцлогийг сурталчилсан олон төрлийн тэмцээн, уралдаан, үзүүлбэрийг жуулчдад сонирхуулах аж. Мөн тус нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор Тарвасны баяр зохион байгуулахаар төлөвлөжээ. Агаарын тээврийн зарим компани есдүгээр сарын 18-25-ны хооронд Улаанбаатар-Ховд чиглэлд хямдрал зарласан нь “Жангар”-ыг үзэх жуулчдад таатай боломж олгож байгааг орон нутгийн удирдлага нь онцолжээ.
Бэлтгэсэн: Н.Ган