Ядуусын хорооллын хуучин балгас. Дам нуруу нь санжганасан, бохир заваан, тоос, шороо дарайсан эл балгасын эзэгтэйг Опал гэдэг. Тэрбээр хамаг итгэл сэтгэлээ алдчихаад, басхүү өөрийгөө ч гээчихээд, өдөр бүр хог түүх, гуйланчлалдаа бүр дасжээ. Ёс юм шиг өдөр бүр түрдэг тэргээрээ дүүрэн хог ачаад бөгтийж явна. Нурж унах дөхсөн тэрхүү балгаст хайр, басхүү гэрэл гэгээ нуугдан буй ажээ. Сэжигч гэдэг нь жигтэйхэн бяцхан муужгай бохир завааныг үл тоон Опалтай зэрэгцэн амьдардаг нь балгаст ямар нэг татах хүч байгааг илтгэх шиг.
Энэ бол “Орфей” театрын шинэ бүтээл, Жон Патрикийн зохиол“Бүгд чамд хайртай” жүжгийн оршил хэсэг юм. Нялхдаа өнчирч, асрамжийн газарт өссөн ч урлаг, уран зохиолд шимтэж, дурлаж, сэтгэл оюунаа нээж, амьдралын урт замыг туулсан Жон Патрик 1905 онд төржээ. Тэрбээр олон жүжиг туурвисны нэг нь 1961 онд бичсэн “Everybody loves Opal” зохиол. Монголын үзэгчидтэй 2022 онд “Опал” нэрээр учран золгосон эл жүжгийг энэ удаа “Бүгд чамд хайртай” нэрээр дахин тавьжээ. Улмаар жүжигчдийн бүрэлдэхүүнд ч өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, энэ удаагийн “Бүгд чамд хайртай” жүжигт Ц.Төмөрбаатар, О.Энхтуул, П.Эрдэнэзаан, Д.Баттөмөр, Г.Отгонцэцэг, Э.Чинзориг, Т.Сэргэлэн нар ур чадвараа гайхуулж, бардамнаж, байлдан дагуулж, урлаж, дүрээ бүтээжээ. Тэд хорсож занаж, залилж мэхэлж, үхэлтэй нүүр тулж, осолд орж, мөнгөгүйн гасланд унаж, галдан шатаасны эцэст л хайрыг ойлгож, харуусах шиг. Бохирлогдсон оюун санаанд нь гэрэл асах шиг үйл явдлууд хөвөрнө.
Опал буюу гол дүрд жүжигчин О.Энхтуул тогложээ. Төмөрбаатар, П.Эрдэнэзаан, Д.Баттөмөр, Г.Отгонцэцэг, Э.Чинзориг нар ч жүжигт өөр өөрийн онцлогтой дүр бүтээжээ. Үзэгчид анир эвдэж, нусаа татаж, нулимсаа нууцхан арчина. Жүжигчин Т.Сэргэлэн Брэдийн дүрийг бүтээж буй. Монгол хүний урдуур хар муур гүйхэд сэтгэл хиртэж хийж, нуруу хүйт даадаг шиг тийм жүжиглэлтийг тэрбээр харуулав. Улаан хамарт алиа эмчийн аяглах, эмгэнэх, халаглахыг хараад хүмүүсийн элэг хөшнө. Ц.Төмөрбаатар жүжигт эмчийн зурвасхан хэсгийг бүтээсэн. Гэхдээ үзэгчдийн сэтгэлд гол дүр мэт хоногших болов уу. Сологийн дүрийг П.Эрдэнэзаан бүтээжээ. Адгийн луйварчин, хорон санаат. Бүх л муу муухай түүнээс гарна. Гэхдээ хайр түүнийг өөрчилнө. Түүний хувирал, дүрийн шилжилт өөрийн эрхгүй сэтгэл хөглөж, алга ташихад хүргэх вий.
“Хэрвээ миний найзыг гомдоовол би та нарыг газар дээр нь буудна. Үр хүүхдийг чинь ач, зээтэй нь буудна, удам судраар чинь хөнөөнө. Учир нь би сициль гаралтай хүн. Манай Сицилийн заншил ийм” хэмээн буу агссан Жо Янки хашхирна. Худлаа хэлээгүй нь харцнаас нь илт. Тийм догшин харц, хатуу авирыг Д.Баттөмөр бүтээж чаджээ.
Бохир хотын хэмнэлд уусаж, бузгай заваан үг хэрэглэж, болохгүй бүтэхгүй бүхэнд хуруугаа дүрж явдаг нэгэн бол Барбара. Үнэндээ түүний жинхэнэ нэр Глориа. Опалын хүслээр тэр Барбара болж хувирсан юм. Брэд л түүнийг ингэтэл нь хувиргаж, элдэвлэжээ. Уг нь тэр хайрлах сэтгэлтэй, тэмүүлэх мөрөөдөлтэй, цагаахан сэтгэлтэй л нэгэн. Жүжиг доторх зохиолын эзэн Э.Чинзориг. Түүний зохиолгүйгээр жүжиг амтгүй. “Бүгд чамд хайртай” сэтгэхүйн комеди драмын жүжигчид ийнхүү үйл явдлуудыг өөр өөрийнхөөрөө хөтөлж, үзэгчдийг эзэмдэж байсан.
Жүжгийн нээлтэд оролцсон найруулагч Ч.Найдандорж “Энэ жүжгийг өмнө нь хоёр газарт тоглосон. Гурав дахь буурь нь МҮЭСТО аж. Залуус хүч түрэн гарч ирж байна. Алтан үеийнхэн бидэнд өвлөж, биднээр дамжуулан залууст ирж буй театр амьд байх, амилах дүр зураг, итгэл найдвар төрөхөөр уран бүтээл болжээ. Жүжигт зохиол чухал. Жон Патрикийн зохиол Монголд орж ирсэн нь чухал алхам. Найруулагч бас чухал. М.Батболд өөрийн гэсэн тайзны хэлтэй найруулагч гэдгээ бүтээл бүхнээрээ харуулж байна. Би эхний бүтээлүүдийг үзээд жаахан санаа зовж байсан.
Хэт их моод хөөж, стиль хайж, өөрийгөө баллах вий гэж зовниж байлаа. Өнөөдрийн бүтээлийн өнгө, хийц, өнцгийг үзээд үгүй юм шиг итгэл найдвар төрлөө. Мөн дэлхийн сонгодог зохиолыг орчин үеийнхэнд өөрийнх хэлээр хүргэж буйд баяртай байна. Онцгойлж О.Энхтуул, Ц.Төмөрбаатар, П.Эрдэнэзаан, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Сэргэлэн нартаа баяр хүргэе. Өнөөдөр Г.Отгонцэцэгийн анхны тоглолт гэсэн. Дүрдээ их ойрхон байна. Илүү олон удаа тайзнаа гараад, найруулагчаасаа үг сонсоод, дадаад сайжрах байх. Магадгүй Глориагийн дүр Г.Отгонцэцэгт зориулагдсан ч юм билүү. Жүжгийг бүхэлд нь дүгнэхэд Монголын театрт шинэ уур амьсгал орж иржээ гэж харлаа” хэмээсэн юм.