ОХУ-ын Башкортостан улсын Уфа хотод олон улсын спортын наадам боллоо. Тус тэмцээнд 28 орны тамирчид оролцож, спортын 10 төрлөөр ур чадвараа сорьсон. Монгол Улсын зэвсэгт хүчний долоон алба хаагч туухай өргөлтөөр өрсөлдсөн юм. Тэднээс эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд дэслэгч Б.Анхзаяа, 68 кг-д ахлагч ахлах П.Ганзаяа нар огцом өргөлтөөр II байрт шалгарч, багийн төрөлд түрүүлэв. Эрэгтэйчүүдээс 68 кг-д туухай өргөлтийн дэлхийн хошой аварга, ОХУ-ын Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академийн сонсогч Э.Буджав ганцаарчилсан төрөлд мөнгө, багийнхад хүрэл медаль зүүлээ. +68 кг-д ахлагч Л.Түвшинтөгс мөнгө, 73 кг-д ахлах ахлагч Б.Цэрэнбат, 95 кг-д Л.Билэгтбаатар нар багийн төрөлд III байрт шалгарчээ.
Мөн +95 кг-д ахлах ахлагч Б.Найдансүрэн ганцаарчилсан болон багийн төрөлд тус бүр хүрэл медаль гардсан байна. Монгол Улсын зэвсэгт хүчний долоон алба хаагч хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт 11 медаль хүртсэн амжилтаар Узбекистан улсад ирэх сарын 7-12-нд зохион байгуулах туухай өргөлтийн ДАШТ-д оролцох эрхтэй болсон аж.