Наймдугаар сарын 25-26-ны өдрүүдэд үргэлжлэх “Чулуун зэвсгийн судалгаа”-ны сэдвээр анхны олон улсын хурал зохион байгуулагдаж байна. 2023 онд Монгол нутагт чулуун зэвсгийн судалгаа, шинжилгээний ажил анх хийгдсэний 100 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд Төв, Зүүн болон Зүүн Хойд Азийн чулуун зэвсгийн дурсгалууд, тэдгээрийн судалгааны үр дүн зэрэг судалгааны өргөн хүрээг хамарсан хурал болж байна.
Хуралд Монгол, ОХУ, АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, Канад, Франц, Англи, Польш зэрэг 10 орны 33 байгууллагын 84 эрдэмтэн судлаачид оролцож 31 илтгэл хэлэлцүүлнэ. Тус хурлыг ШУА-ийн Археологийн хүрээлэн санаачилж, Монгол улсын Соёлын яам, ШУА-ийн Геологийн хүрээлэн, Чингис хаан үндэсний музейтэй хамтран зохион байгуулж байна.