НҮБ-ын Хүүхдийн сангийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн мэргэжилтэн Д.Ариунтунгалагтай ярилцлаа. Хүмүүс ундандаа аюулгүй, цэвэр ус хэрэглэж чадаж байгаа, эсэхийг тус байгууллагаас ДЭМБ-тай хамтран олон улсын түвшинд судалж, нөхцөл байдлын тайланг энэ онд олон нийтэд танилцуулсан юм. Тус тайланд Монгол Улсын нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлсон, цаашид бид юунд анхаарах талаар тэрбээр дараах мэдээллийг өглөө.
-ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас өрхийн ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн тайлан гаргасан. Монгол Улсад ундны усны хангамж доогуур байгааг уг тайланд дурджээ. Хүн бүр аюулгүй усаар хэрэглэж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь юу вэ?
-Усны эрсдэл өндөртэй гэсэн үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд 36-д орж байна. Хүн амын ердөө 39 хувь нь баталгаат ундны ус хэрэглэж байгааг уг тайланд дурдсан. Ундны усны чанар Монгол Улсад тулгамдсан асуудлуудын нэг болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бүх иргэнийг аюулгүй усаар хангаж чадахгүй байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цэнгэг усны эх үүсвэр хомсодсон, цөлжилт хүрээгээ тэлсэн, агаарын болон хөрсний бохирдол ихэссэн зэрэг нь үүнд нөлөөлсөн. Түүнчлэн хүн амын алслагдсан байдал, баталгаат ундны усны талаарх бодлого, үүнийг төсвийн хүрээнд шийдвэрлэхдээ нэн тэргүүнд тавьдаггүй зэрэг нь дээрх асуудалд нэрмээс болж байна.
-Ундны усны хангамж, аюулгүй байдал хангалтгүй байгаа нь хүн амын, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлснийг тогтоосон болов уу?
-Хүнсний бүтээгдэхүүнүүдийн дундаас ундны ус хамгийн сайн хяналттай байх шаардлагатай юм. Ундны усны эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээний MNS 0900:2018 стандарт Монгол Улсад бий. Уг стандартад зааснаар химийн 5-60 гаруй, нян судлалын 4-6 үзүүлэлтээр ундны усыг шинжилдэг. Унд, ахуйн хэрэгцээний ус нь халдварт болон халдварт бус өвчин тархах эрсдэлгүй, физик үзүүлэлт, химийн найрлага нь зохимжтой, хоргүй, харшлахгүй байх нөхцөлийг хангах ёстой. Харамсалтай нь, байгалийн тогтоц, уур амьсгалын онцлогоос, мөн хүний буруутай үйлдлийн улмаас ундны усанд байх химийн бодисын хэмжээ ихсэх эрсдэл өндөр байгаа. Улсын хэмжээнд гүний 3582 худагт хийсэн үнэлгээний дүнгээс харахад 38 хувь буюу 1367 нь MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаагүй байна. Энэ нь богино болон урт хугацаанд иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Монголд ундны усанд манган, хар тугалга, хүнцэл, хром, зэс элбэг байдаг. Химийн бодис өндөр тунгаар агуулагдах нь арьсны өнгө алдагдахаас эхлээд мэдрэлийн тогтолцоо, эсвэл эрхтэн гэмтэх, хөгжил, нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлэх, хорт хавдраас эхлээд олон өвчний эх сурвалж болох магадлалтай. Ийм эрсдэлд хүүхдүүд хамгийн ихээр өртөх магадлалтай юм. Ялангуяа хүүхдүүд багаасаа химийн бодисууд хэрэглэж, улмаар тэдгээр нь хуримтлагдсаар хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэх болсон нь өдгөө үндэсний хэмжээнд ажиглагдаж байгаа. Тухайлбал, хүүхдүүдийн дунд суулгалт, элэгний өвчин гарахад усны чанар баталгаагүй, эрүүл ахуйн дадал хангалтгүй нь голлон нөлөөлдөг. Эдгээр хүчин зүйл нь тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн гурав дахь том шалтгаан болж, халдварт өвчний 22 хувийг эзэлж байна.
-Хүн амын ундны усны хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сангаас манайд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа юу?
-Улсын хэмжээнд ундны усны чанарын судалгааг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ажиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос 2022 онд хийж дуусгахад НҮБ-ын Хүүхдийн сан дэмжлэг үзүүлсэн. Энэ судалгааны үр дүнд үндэслээд нэн шаардлагатай усны 14 эх үүсвэрт цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулахад дэмжлэг үзүүлээд байгаа. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Дорнодын Халхгол сум зэрэгт ундны усны хүнд металл стандарт хэмжээнээс хэтэрсэн дүгнэлт гарсан. Тиймээс өндөр хүчин чадалтай цэвэршүүлэгч төхөөрөмжийг усны эх үүсвэрүүдэд нь суурилуулаад байна. Түүнчлэн баруун аймгуудад Усны аюулгүй байдлын зөвлөл байгуулахад НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжлэг үзүүлсэн. Ингэснээр орон нутгийн түвшинд усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах нөхцөл бүрдүүллээ. Баталгаат ундны усны хүртээмжийг сайжруулахын тулд аймгууд НҮБ-ын Хүүхдийн сангийн болон бусад байгууллагын дэмжлэгтэйгээр ус түгээх худгуудын үйл ажиллагааг автоматжуулж, цагийн хязгааргүй үйлчилгээ авах боломж бүрдүүлж байна. Мөн уг түгээх цэгийн ойр орчмыг хашин хамгаалж, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Гэсэн хэдий ч цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажил олон бий. Тухайлбал, ундны усны найдвартай, баталгаатай, аюулгүй байдлыг хангахын тулд цаашид шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт, дэлхийн шилдэг туршлагад тулгуурласан, технологи, инновацыг хөгжүүлэх шаардлагатай. Үүний тулд НҮБ-ын Хүүхдийн сангаас бизнес эрхлэгчдэд болон Засгийн газрууд үүрэг, амлалт гаргаж, нэгдэхийг уриалж байна. Хамтын ажиллагаа, нэгдмэл арга замаар л 2030 он гэхэд бүх нийтийн усны аюулгүй байдлыг хангах зорилтдоо хүрч чадна.
-Улаанбаатар хот төдийгүй орон нутагт ч энэ зун хэд хэдэн удаа томоохон үер буулаа. Үүнтэй холбоотойгоор ундны усны аюулгүй байдал алдагдлаа гэх болсон. Байгалийн ийм гамшиг, онцгой байдлын үед бид ундны усаа хэрхэн эрүүл, аюулгүй байлгах ёстой вэ. Ялангуяа иргэдийн хувьд, цаашлаад холбогдох байгууллагуудын түвшинд энэ чиглэлээр ямар арга хэмжээ авах шаардлагатай бол?
-Монгол Улсад сүүлийн үед тохиосон хүчтэй аадар бороо, үерийн улмаас хүний амь үрэгдэж, тоо томшгүй олон гэр бүл хохирол амссан. Цаг агаарын урьдчилан таамаглах аргагүй ийм үзэгдлийн давтамж, тоо нэмэгдэхийн хэрээр улс орнууд болон иргэд илүү бэлтгэлтэй байх ёстойг мэргэжилтнүүдийн анхааруулж байгаа. Тиймээс усны системийг бэхжүүлж, хувь хүн, олон нийтийн хувьд гамшгийн эрсдэлийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх замаар сөрөг нөлөөллийг бууруулах нь нэн чухал.
-НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын Засгийн газартай хамтран ирэх таван жилд “Хамтын ажиллагааны хөтөлбөр” хэрэгжүүлэхээр баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ус, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр ямар ажлууд хийх вэ?
-Ирэх таван жилийн хугацаанд ус, ариун цэвэр, эрүүл ахуйн хүрээнд үндсэн хоёр чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Хоёрт, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний систем, тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм.
-“Дэлхийн усны долоо хоног” арга хэмжээ, олон улсын хурал энэ долоо хоногт болж байгаа. Сэдэв нь “Усыг ухаалгаар ашиглах шинэлэг шийдлүүд” юм билээ. Үүний хүрээнд усыг ухаалгаар хэрэглэх ямар шинэлэг шийдлүүд байгааг тодруулъя. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд ухаалаг шийдлүүдийг хэрэгжүүлэх нөөц, боломжууд хэр их байгаа талаар та байр сууриа илэрхийлнэ үү.
-“Дэлхийн усны долоо хоног” нь Стокхолмын Олон улсын усны хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг хөндөн хэлэлцдэг чухал арга хэмжээ юм. Урьд өмнө хэзээ ч байгаагүй сорилттой тулгарч байгаа өнөө үед усны нөөцийг хэрхэн ухаалгаар ашиглах, үүнтэй холбоотой шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэх асуудлыг энэ оны хурлаар хэлэлцэж байна. Ялангуяа усны менежментийн арга, хандлагаа эрс өөрчлөхийг олон улсад уриалж байгаа. Монгол Улсын тухайд маш олон шинэ, шинэлэг технологи ашиглаж болно. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчийг ундны усны үйлчилгээнд нэвтрүүлэх, хаягдал ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, бохир усыг дахин ашиглах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага бий. Усны чанарын хяналтыг системчилж, удирдан зохицуулсан үйлчилгээг өргөн хүрээнд хэрэглэх гэх мэт маш олон боломж байна. Ялангуяа нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа малчин өрхөд аюулгүй ундны усыг ойртуулах, өрхийн ариун цэврийн байгууламжаар хангах шинэлэг технологиуд шаардлагатай.