Архангай аймгийн Хашаат сумын сургуулийн сурагч Г.Алтангэрэлтэй цөөн хором ярилцлаа. Нуман хуураар тоглож, энэхүү өв соёлыг тээж яваа гэдгээр нь түүнийг онцолсон юм. Тэрбээр удахгүй нийслэлд ирж, дуулаач мэргэжлээр суралцах аж.
-Нуман хуур гэж байдгийг танаас мэдлээ. Ийм зэмсэг манай улсад олон уу?
-Манайд л байдаг юм.
-Манайд гэдгийг тодруулж болох уу?
-Би үүгээр 2020 оноос тоглож эхэлсэн. Миний өвөө ардын авьяастан Жанцан тоглож байгаад авга ах, Соёлын тэргүүний ажилтан Ж.Пүрэвдоржид уламжлуулсан юм. Харин авга ах намайг гуравдагч үеийн өв тээгчээр нэрлэн, сургаж, хөгжмөө өгсөн. Ийм хөгжим манай өвөөд л байсан юм билээ. Хэзээ, хэн хийснийг мэдэхгүй. Өвөө өөд болоод найман жил өнгөрч байна. Хүмүүс хийц, бас энэ улаан модыг хараад дээр үеийн эд байна гэдэг.
-Түгээн дэлгэрүүлэх бодол бий юү?
-Тэр талаар бодож байгаа. Гэхдээ хөгжим нэмж урлах шаардлагатай. Би хийж сурах гээд оролдож буй. Анхны бүтээлээ удахгүй гаргана. Хулсаар хийж байгаа юм. Харин нум шиг хэлбэр гаргаж чадахгүй нь. Их бие нь дан махир мод болох гээд байна.
-Тэгэхээр бүрэн дуугарах уу?
-Дуугарах байх. Болохгүй бол дахиад хийнэ. Загвар, үзэмж нь л тааруу болох гээд байна.
-Эхийг нь дуурайлгаад нуман хэлбэртэй хийж болмоор юм.
-Хэрийн хүн чадахгүй юм шиг байна лээ. Ур чадвар шаардана. Яваандаа урлаж сурна гэж бодож байгаа. Бас нуман хуур тоглохыг бусад хүнд зааж, түгээн дэлгэрүүлэх болно оо.
-Тэгэхээр улсын хэмжээнд танд л энэ хөгжим байгаа юм уу?
-Үүнээс гадна Пүрэвдорж ахын хулсаар, гар аргаар хийсэн нэг зэмсэг бий. Түүгээр бас тоглодог. Ингээд хоёр л байна.
-Нуман хуураа хаана тоглож байв?
-Сургуулиас зохион байгуулсан арга хэмжээний үеэр нэг удаа тоглосон. Аймаг, сумын Соёлын төвийн арга хэмжээнүүдэд оролцдог.
-Та дуучин болохоор зорьжээ. Консерваторт суралцах гэж байгаа гэв үү. Сонгодог чиглэлийг сонгосон уу?
-Би нийтийн дуучин болохыг хүсэж байгаа.
-Багш нар танд уртын дууны анги санал болговол яах вэ?
-Би голдуу зохиолын дуу, хааяа ардын дуу дуулдаг. Одоогоор сайн мэдэхгүй л байна.