Манай улс Шүүх шинжилгээний тухай болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлээд буй. Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн болон Эрүүл мэндийн сайд хамтарсан тушаал гаргаж, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам баталсан. Харин Улсын дээд шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалыг батлан, олон нийтэд танилцуулаад байгаа юм. Эдгээр хууль, журмаар сэтгэцийн эмгэгийн зэрэглэл тогтоох үүргийг шүүх шинжилгээний байгууллагад хүлээлгэсэн. Тэгвэл тус байгууллагынхан үүнийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хэр зэрэг базаасан, ямар сорилт бэрхшээл тулгарч буй талаар ШШҮХ-гийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга, хошууч А.Амгаланболдтой ярилцлаа.
-Манай улс сэтгэл санааны хохирлыг тооцдог, нөхөн төлүүлдэг тогтолцоо руу дөнгөж шилжиж байна. Эрх зүйн хүрээнд шинэ орчин, зохицуулалт бий болж буй учраас нарийн мэргэжилтэн бэлдэхээс эхлээд ажил их. Хэр зэрэг бэлтгэлтэй байна вэ?
-Монголын төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүний эрхийг дээдлэх зарчимд суурилсан, гэмт хэргээс үүдэлтэй эдийн болон эдийн бус хохирлыг бүрэн барагдуулах томоохон алхам хийсэн нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, нөхөн төлүүлэх зохицуулалт боллоо. Өмнө нь Иргэний хууль дахь эдийн бус хохирол гэдэг нэр томьёоны хүрээнд үүнийг авч үздэг байсан. Эдийн бус хохирлыг тооцож, нөхөн төлүүлсэн хэд хэдэн тохиолдол шүүхийн практикт бий. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг ингэж тооцно гэсэн нарийн арга, аргачлал байгаагүй юм. Харин энэ удаа хууль зүйн дэвшил гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуульд үүнийг нарийвчлан тусгалаа. Эхний ээлжид зөвхөн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлсэн. Үүнийг хийхийн тулд маш удаан хугацаанд судалж, олон удаа хурал, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэг нэршлийг сонгохын тулд л өчнөөн ажил болсон. Нэр томьёоны хувьд одоо ч маргаан дагуулж байгаа.
Үүний дараа сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг хэн, хаана, хэрхэн тогтоох юм бэ гэдэг асуудлыг ул суурьтай авч үзсэн. Олон улсын жишиг, практикийг судаллаа. Ихэнх улсад үүнийг багаар хийдэг юм билээ. Сэтгэлзүйч, сэтгэцийн эмч, шүүх эмнэлгийн эмч, хүүхдийн мэргэжилтэн, хуульч, нийгмийн ажилтан, эдийн засагч гээд маш олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулдаг. Манай улсад гэр бүлийн хүчирхийллийн өртөлтийн зэргийг тогтоодог нийгмийн бүлэг байдаг даа. Яг тийм бүлэгтэй гэсэн үг. Зарим нь энэ ажлыг даатгалын компанид хариуцуулж байна. Даатгалынх шиг үнэлгээний мэргэжлийн компаниудаар хийлгүүлдэг жишиг ч бий. Эдгээрийг шууд хуулбарлаад Монголын хөрсөнд буулгая гэхээр нийгмийн, төрийн байгууллагын дэд бүтцээс эхлээд олон бэрхшээл тулгарна. Наанадаж манай улсад Баруун Европын ихэнх оронд байдаг шиг нөхөн төлбөрийн хууль, тусгай сан алга. Энэ мэтчилэн асуудлыг олон талаас нь авч үзэж, судалсны үр дүнд юутай ч сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг тогтолцооны эхлэлийг тавья, ингэхдээ гэмт хэргийн хохирогчдод нэн түрүүнд үүнийг олгуулъя гэдэг нэгдмэл байр суурьт хүрсэн юм.
Бусад улсын жишгээс харахад сэтгэцэд учирсан хохирлыг эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг гэж ялгалгүй бүх тохиолдолд нөхөн төлбөр олгодог юм билээ. Зөвхөн гэмт хэргийн улмаас хохирсон хүнд л нөхөн төлбөр өгнө гэдэггүй, хор уршиг амссан иргэн бүрт эрх тэгш олгодог. “Хайртай муурыг минь гудамжинд машин дайрчихлаа” гээд сэтгэл санааны хохирлын төлбөр нэхэмжилж байх жишээтэй.
-Ихэнх оронд сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоохдоо баг ажиллуулдаг гэлээ. Тэгвэл манайх үүнийг хэнээр хийлгэхээр болов?
-Улс орнуудын туршлага, жишгүүдийг судлахаар ямар ч тохиолдолд хоёр мэргэжил давхцаад байсан юм. Тэр нь сэтгэлзүйч, сэтгэцийн эмч. Тиймээс бид энэ хоёр мэргэжилтнээр хийлгэх нь зөв гэдэг шийдэлд хүрсэн. Улмаар Шүүх шинжилгээний тухай хуульд “Гэмт хэргээс учирсан сэтгэцийн хор уршгийг тогтоох шинжилгээг зөвхөн шүүх шинжилгээний байгууллага хийнэ” гэж заасны дагуу дээрх мэргэжлийн орон тоо, бүтэц бүхий нэгж байгуулсан.
Сэтгэцийн хор уршгийг тогтоодог олон арга бий. Нөхөн төлбөрийн хуультай Европын орнуудад бол нөхөн төлбөрийн хүснэгтийн дагуу үүнийг шийддэг юм байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс сэтгэл санаа нь тийм зэргийн гэмтэл авсан бол төдөн евро олгоно гэхчлэн. Үүнийгээ настай нь уялдуулан тогтоодог. Хохирогчийн нас бага байх тусам нөхөн төлбөрийн хэмжээ өндөр. Америкийн анагаах ухааны холбооноос гаргасан, Америк, Канад, Шинэ Зеланд, Австрали, Солонгос, Хятад зэрэг олон улсад түгээмэл ашигладаг арга байна. Дотроо маш олон хувилбартай. Энэ нь хүний амьдралын дадал хэвшил болсон зургаан үйл ажиллагааг тус бүрт нь таван оноогоор дүгнэдэг. Хамгийн түрүүнд тухайн хүн өөрөө өөртөө үйлчилж, ариун цэврээ сахиж чадаж байна уу гэдгээс эхлээд үнэлдэг юм билээ.
Цаашлаад нийгэмтэй, хамт олонтойгоо харилцаж, ажил хөдөлмөр эрхэлж, чөлөөт цагаа өнгөрөөж буй байдлыг нь харгалздаг. Ер нь Америк, Ази, Европын аль ч улсад сэтгэцийн хор уршгийг дан ганц эрүүгийн хэргийн хэмжээнд авч үздэггүй. Бүх тохиолдолд, хүн бүрт үйлчлэхээр аргачлал боловсруулсан байдаг. Харин Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцооны онцлог нь хүний бие махбодод учирсан гэмтлийг тусад нь үнэлээд, түүнийгээ гэмт хэргийн зүйлчлэлийн үндэс болгодог. Бусдын биед хөнгөн гэмтэл учруулбал Эрүүгийн хуулийн 11.6, хүнийг санаатайгаар хөнөөвөл амьд явахын эсрэг гэмт хэрэг гэж үзээд 10 дугаар зүйлээр зүйлчилдэг. Тиймээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тусад нь авч үзэж, журамлах нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ бол эхлэл. Цаашдаа иргэний маргаан, захиргааны хэргүүд, бүр цаашлаад аж ахуйн нэгжийн хэмжээнд сэтгэцийн хор уршгийг нөхөн төлүүлдэг зохицуулалттай болох нь цаг хугацааны асуудал. Шат дараатай явах нь зүйтэй.
-Аргачлалаа хэрхэн боловсруулсан талаар дэлгэрүүлэхгүй юү?
-2023 оны хоёрдугаар сараас үүнтэй холбоотой судалгааг хийж эхэлсэн. Монголын урдаа барьдаг сэтгэлзүйч, хуульч, сэтгэцийн эмч нараас бүрдсэн багийнхан Азийн сантай хамтран судалгаа хийж, аргачлалаа боловсруулсан юм. Үүнийхээ дагуу сэтгэцийн эмч, сэтгэлзүйчдийг бэлтгэх ажилдаа орсон. Мэргэжилтнүүдээ сонгон шалгаруулаад, 45 хоногийн сургалтад хамруулсан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамгийн их тулгамдаж буй асуудал нь хүний нөөц гэдэг нь гарцаагүй үнэн. Сэтгэцийн хор уршгийг оношлох тухай ярьдаг хүн олон боловч үүнийг бодит байдалд хэрхэн буулгаж, хэрэгжүүлэхийг мэддэг нь ховор юм билээ. Дахиад л судлахаас аргагүйд хүрсэн. Ингээд удаан хугацааны судалгаанд үндэслэж, улсынхаа нөхцөл байдалд тохирсон, монгол хүний сэтгэхүйн онцлогт нийцсэн аргачлалыг боловсруулсан юм. Үүнд тулгуурлаад өөр хаана ч бэлдээгүй боловсон хүчнийг сургалаа.
Энэхүү аргачлал нь журамд заасны дагуу албаны нууцад хамаарна. Нууцалдаг нь хэд хэдэн шалтгаантай. Шалгалтын материалыг өмнө нь тарааж өгдөггүй биз дээ. Түүнтэй яг ижил. Сэтгэцийн, сэтгэл зүйн оношилгоо нь субъектив яриа, харилцаа, сорилуудад тулгуурладаг. Ийм сорилд хүн өөрийгөө бэлдэх боломжтой. Энэ тохиолдолд үнэн, бодит үнэлгээ хийх боломжгүй шүү дээ. Тиймээс нууцалдаг. Үүнийгээ тодорхой хугацааны давтамжтайгаар шинэчилнэ. Гэмт хэргийн төрлөөс хамаараад дотроо олон сорилтой. Мөн тухайн хүний нас, ялгаатай байдал (хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой гэхчлэн)-ыг харгалзан өөр өөр аргачлалаар сэтгэц, сэтгэл зүйн байдлыг нь үнэлэхээр аргачлал боловсруулсан.
-Хэчнээн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч шаардлагатайгаас хэдийг нь бэлдээд байна вэ?
-Одоогоор зургаан мэргэжилтэн бэлдээд, шүүхийн шинжилгээний төв байгууллагад ажиллуулж байна. Цаашид энэ шинжилгээг зөвхөн Улаанбаатарт биш, бүсчилсэн хэлбэрээр хийхээр төлөвлөж буй. Бүсийн төвүүд байгуулна. Үүн дээр 7-8 хүний орон тоотой бүтэц байх юм.
-Сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажлыг хэдийн эхлүүлсэн гэж ойлголоо.
-Шинэчлэн баталсан Шүүх шинжилгээний тухай хуулийг өнгөрсөн долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Оношилгоо хийлгэх шийдвэртэй ирж буй хүмүүст энэ өдрөөс эхлээд шинжилгээ хийж байна.
-Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг таван түвшинд хуваахдаа хувьчлаад, маш нарийвчлалтай авч үзжээ. Тэр хэрээр мэргэжилтнүүдээс өндөр ур чадвар шаардах нь. Алдаа гаргах магадлал бий гэж харагдаж байна. Сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар энэ төрлийн оношилгоог алдаа мадаггүй яг таг хийж байгаа, эсэхэд хэн хяналт тавих вэ?
-Шүүх шинжилгээний тухай хуулиар хийсэн эрх зүйн энэхүү шинэчлэл практикт нэвтрэхдээ хоёр салбарлаж буй. Хуулийн байгууллагын дотоод шийдвэрээр шүүх шинжилгээний байгууллага зөвхөн зэрэглэлийг нь тогтооно. Харин шүүх байгууллага шүүн таслах ажиллагааны явцад үүнийг үндэслээд мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр тогтоох юм. Тодруулбал, гэмт хэргийн улмаас тухайн иргэний сэтгэцэд ямар асуудал үүсэв, тэр нь аль зэрэгт хамаарч байна вэ гэдгийг л манай байгууллага үнэлнэ гэсэн үг. Хяналтын хувьд судалгааны багтай энэ чиглэлээр гэрээ байгуулсан. Шинжилгээ, сорилын үр дүнг хэрхэн боловсруулж байна, зөв хүнд зөв сорил тавьсан уу гэдгийг энэ баг тогтмол хянах юм. Тэд одоо ч хяналт тавьж байгаа.Түүнчлэн сорилын үр дүнд үндэслэсэн дүгнэлтийн арга зүй зэрэгт манай байгууллага тодорхой хэмжээнд хяналт тавьж ажиллана.
-Хууль буцаж үйлчилдэггүй гэдэг. Гэвч гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохирол амссан хүмүүс нөхөн төлбөрөө нэхэмжлэх боломжтой, эсэх талаар маш их асууж байна.
-Шинэчлэн баталсан Шүүх шинжилгээний тухай хуулийг долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн боловч үйлчлэх хүрээг нь хязгаарлалгүй орхисон. Үүнтэй холбоотой заалт байхгүй гэсэн үг. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа хэргүүдэд мөрдөгч, прокурорын тогтоолоор энэ төрлийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтой. Хоёр жилийн өмнө авто осолд ороод, эрхтнээ тайруулсан нэгэн тохиолдолд бид саяхан шинжилгээ хийлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хугацаа нь дуусаад, тохирох ялыг нь эдлүүлсэн хэргийн хувьд хохирогч сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрөө иргэний шугамаар нэхэмжилж болно. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нарийн зүйлс байж магадгүй юм. Хуулийн байгууллагын тогтоол, шийдвэрийн дагуу ирж байгаа ямар ч тохиолдолд бид шинжилгээ хийнэ.
-Нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо юуг чухалчилсан бэ?
-Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалыг Улсын дээд шүүхээс баталсан. Үүнтэй холбоотой нарийн ширийн зүйлсийг шүүгч нараас асуусан нь зүйтэй болов уу. Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчилсэнтэй холбогдуулан Иргэний хуулийн 511.4, 511.5-д өөрчлөлт оруулсан. 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж оруулсан. Үндсэндээ хүний амь хохирсон тохиолдолд сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээг 86-120 орчим сая төгрөгөөр тогтоохоор хуульчилсан юм. Гэмт хэргийн улмаас хүн амиа алдсан тохиолдолд шүү дээ. Харин хохирогч нас бараагүй тохиолдолд сэтгэцэд учирсан хор уршгийг дээрх жишиг аргачлал (Улсын дээд шүүхээс баталсан)-ын дагуу хувьчлан тооцно. Хохирогчид хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгохыг тухайн хэргийг шүүгч дотоод итгэл үнэмшил, хэргийн нөхцөл байдлаас шалгаалан тус аргачлалын дагуу тогтооно гэж ойлгосон.
Хуулийн ажлын хэсэгт нөхөн төлбөрийн асуудлыг хэлэлцэхдээ хоёр зарчим баримталсан. Нэгдүгээрт, төлөгдөхүйц байх. 200-300, бүр цаашлаад 500 сая төгрөг нэхэмжилж болно. Түүнийг нь шүүх хангаад шийдвэрлэлээ гэж бодъё. Гэтэл үүнийг төлж барагдуулах боломжтой, чадамжтай хүн Монголд хэд билээ. Зарим нь насаараа хөдөлмөрлөөд ч ийм хэмжээний мөнгө олж чадахгүй шүү дээ. Хоёрдугаарт, нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн хохирогчид ашиг олох, баяжих зорилго, сэдэл төрүүлэхээргүй байх. Энэхүү төлбөр нь хүний эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгод нийцсэн байх учиртай.
-Гэмт хэргийн улмаас хүн нас барсан тохиолдолд хохирогчийн ар гэрт олгох сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг нарийвчлан тогтоогоод хуульчилчихсан юм байна. Тэгвэл ийм тохиолдолд заавал шүүх шинжилгээний байгууллагад хандах шаардлагагүй байх нь ээ?
-Тийм. ХЗДХ-ийн болон Эрүүл мэндийн сайдын хамтран гаргасан журамд “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан (Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 гэмт хэрэг үүнд хамаарч буй) гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана гэж заасан. Олгох төлбөрийн хэмжээ нь тодорхой учраас заавал шүүх шинжилгээний байгууллагад хандах шаардлагагүй. Шүүгч шүүн таслах ажиллагааны явцад Иргэний хуулиа баримтлаад л хохирлын хэмжээг тогтоочихно гэсэн үг. Хэрвээ хохирогч бүтэн өнчин, эсвэл бага насны хүүхэд байвал нөхөн төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тооцохоор хуульчилсан.
-Хохирогчийн ар гэрт сэтгэл санааны нөхөн төлбөр олгохдоо 85 гэмт хэргийг тухайлан сонгосон нь ямар учиртай юм бол?
-Хохирогч нь дандаа хувь хүн байдаг хэргүүдийг сонгосон юм. Эдгээрээс Монгол Улсад хамгийн түгээмэл гардаг нь зодоон, хулгай, зам, тээврийн ослын хэрэг. Нийт гэмт хэргийн 80-85 хувийг эдгээр төрлийн гэмт хэрэг эзэлдэг. Эдгээр хэргийн хохирогч болгон шүүх шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгээд, хохирлоо тогтоолгоно гэвэл цаг хугацаа, ачааллын хувьд маш их асуудал үүснэ. Тиймээс Эрүүгийн хуулийн 11.6 (хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах), 17.1 (хулгайлах), 17.3 (залилах), 17.12 (мал хулгайлах), 27.10 (авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-т зүйлчилсэн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох хүснэгт гаргасан.
Энэ таван зүйл ангийн улмаас хохирвол мөн шүүх шинжилгээний байгууллагад очихгүйгээр нөхөн төлбөр авах боломжтой. Гагцхүү хохирогч хүснэгтэд тусгасан зэрэглэлийг хүлээн зөвшөөрвөл шүү дээ. Хэрэв хүлээн зөвшөөрөхгүй, санал нийлэхгүй, хэт бага байна гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэж, зэрэглэлээ тогтоолгож болно. Бид яг бодит байдлыг нь л үнэлнэ. Харин нэгэнт шүүх шинжилгээний байгууллагаар сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлээ тогтоолгосон бол “Хүснэгтийнхээ дагуу шийдвэрлүүлье” гэж эргэж буцах боломжгүй.