Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Дин Фэн Гуо Шэн” буюу “Их хөгжил” компанийн удирдлагад тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын байгууллагаас хяналт тавьж байна. Баянзүрх дүүргийн X хороонд үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Их хөгжил” компанийнхан эрүүл ахуйн шаардлага хангахгүй хуванцар сав үйлдвэрлэж, борлуулж байсан аж. Цагдаагийн хэлтсийн эх сурвалжийн мэдээлснээр тус компанийнхан хилээр химийн хорт бодис савлаж оруулж ирсэн хуванцар савыг дахин боловсруулж, шинэ сав үйлдвэрлэдэг байж. Гэвч шинээр үйлдвэрлэсэн хуванцар сав нь хүний эрүүл мэндэд хортой болох нь мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар тогтоогдсон юм байна. Тиймээс хууль хяналтын байгууллагаас Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлд заасан “Хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлсэн” гэсэн үндэслэлээр сэжигтэн, яллагдагчаар татаж, байцааж буй аж.