Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарлаж Засгийн газрын 2023 оны 103 дугаар тогтоолоор Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог байгуулжээ. Тус хороог Соёлын сайд Ч.Номин ахлан ажиллаж, олон улсын олон талт хамтын ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэхүү зорилтын хүрээнд олон улсын контент бүтээгчдийн “Nas Summit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо Соёлын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулах юм. Тус арга хэмжээнд дотоодын болон олон улсын 1000 гаруй контент бүтээгчид оролцож Монгол Улс руу чиглэсэн томоохон цар хүрээтэй агуулга, дэлхийн хэмжээний контент бүтээх арга хэмжээ болно. Монгол Улсад “Nas Summit-2023” чуулга уулзалтаа зохион байгуулсны дараа манай улсын үзэсгэлэнт байгаль, бүс нутгаар аялж, үүн дотроо “Нүүдэлчин-2023” дэлхийн соёлын фестивальд зочлон Монгол соёлын өв, ахуй уламжлалтай танилцаж дэлхийд Монголчууд бидний дахин давтагдашгүй ондоошил, ёс уламжлалтай танилцана.