Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол-2023” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно. Фестивальд 21 аймаг болон нийслэлийг хамруулсан 22 отог бүхий Монгол Улсын биет бус соёлын өвийн долоон ай савд хамаарах 362 өвийг танилцуулж байгаагаараа онцлог. Энэ жилийнх өнгөрсөн оныхоос илүү өргөн дэлгэр болох бөгөөд хөтөлбөр ч баялаг гэдгийг зохион байгуулагчид нь онцоллоо. Ингэхдээ монгол түмний өв соёл, уламжлал, зан үйлийн үзүүлбэр, язгуур урлаг, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвүүд, идээ ундаа, 21 аймаг, нийслэлийн авьяаслаг оюунлаг өвлөн уламжлагчдын шилдэг үзүүлбэр, тоглолт нүүдэлчдийн ахуй соёлын олон талт үйл ажиллагаа болно. Тус фестивалийг зорин ирэх хүмүүс үндэсний хувцсаа өмсөн ирж, нийслэл болон 21 аймгийг хамарсан 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагчдын гурван хүрээ, 30 өртөөг дамжин, орон нутгуудын онцлог бүхий соёлын өв, зан заншил, ёс уламжлалтайгаа танилцах боломжтой. Мөн энэ өдрүүдэд нийтийн тээвэр тус чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ. Энэхүү арга хэмжээний үеэр дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд хүрэлцэн ирж Монгол Улсын түүх, соёл уламжлалыг дэлхий дахинд таниулах ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна.