Дундговь аймгийн СайханОвоо сумын уугуул, улсын начин Ц.Улаанхүү хар тамхи хадгалсан, худалдахыг завдсан хэргээр эрүүгийн хэрэгт татагдаад байгаа. Анхан шатны шүүхээс түүнд 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан. Ц.Улаанхүү болон түүний ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан тул тэд Дээд шүүхэд давж заалдсан юм байна. Түүний хэргийг энэ сарын 14-нд хэлэлцэхээр боллоо. Тэрбээр “Би ард түмнийхээ буяныг дааж явах сэтгэлтэй хүн. Тийм бузар зүйл хийхгүй” гэдэг ч “Мөрдөн байцаалтын явцад хураагдсан хар тамхи минийх биш гэдгийг нотлох баримт үзүүл” гэж прокурорыг шаардахад “Хийгээгүй юм чинь юугаа үзүүлэх билээ” гэхээс өөр тайлбар хийж чадахгүй байгаа юм.