Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал Төрийн ордонд нээлтээ хийлээ. Тус хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Анх 1959 онд зохион байгуулсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн их хурлаас үүдэлтэй энэхүү их хурал нь нэгэн жарны түүхтэй бөгөөд хүйтэн дайн, даяарчлал, нийгмийн шилжилт, цар тахал зэрэг түүх нийгэм, улс төрийн янз бүрийн цаг үеийг туулан амжилттай зохион байгуулагдсаар өнөөдөр XII их хурлаа хийж байгаа” гэдгийг онцоллоо. Түүнчлэн энэ удаагийн Монголч эрдэмтний их хуралд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаач оролцож, монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг, утга зохиол, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан хэлэлцүүлэхээр хуран чуулж байна.
Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр зэрэг бүхий л салбарын судалгааг явуулах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд төрөөс тодорхой бодлого, шийдвэр гаргаж хэрэгжүүлж ирсэн. Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг баталж, Монгол судлалыг дэмжих сан, Монгол судлалын үндэсний зөвлөлийг байгуулжээ.
УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Монгол бол монгол туургатны гал голомтыг сахин суугаа бахархам түүх, баялаг өв соёлтой улс. Тийм ч учраас өнөөгийн даяаршлын эрин үед Монгол Улс нийт монгол туургатан төдийгүй хүн төрөлхтний өмнө өөрийн түүх, хэл, соёлын өвөрмөц өнгө төрх, давтагдашгүй хэв маягаа хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах үүрэг хүлээсэн юм. Таван жил тутам зохион байгуулагддаг Олон улсын монголч эрдэмтний их хурал нь дэлхийн монгол судлаач эрдэмтэд судалгаа шинжилгээнийхээ үр дүнг эрдэмтэн мэргэддээ тайлагнаж, номын садан нөхөдтэйгөө учран золгодог их хуралдай” гэлээ.
Өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд монгол судлалын чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулж буй 23 төв, Төв ази, Евроази, Дотоод ази зэрэг судлагдахууны хүрээнд хавсарга судалгааны эрхэлж буй 20 төв, нийт 43 төв, салбар үйл ажиллагаа эрхэлж байна.
“Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болж буй хурал нь "Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд", "Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе", "Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз", "Монголын гадаад ертөнц ба харилцаа", "Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл" зэрэг салбар хуралдаанаас бүрдэнэ. Мөн АНУ, БНСУ, Их Британи, Казахстан, Канад, ОХУ, Польш, Турк, Унгар, Герман, Хятад, Япон, Киргиз, Чех, Австрали, Швейцарь, Тайвань, Норвеги, Итали, Дани зэрэг 20 гаруй орны эрдэмтдийн илтгэлийг хэлэлцэнэ. Мөн "Залуу монгол судлаач" дэд салбарыг докторын түвшний судлаач нарт бий болгож, судлаачдад илтгэлээ хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлжээ. Их хурал наймдугаар сарын 9-14-ний өдрүүдэд үргэлжилнэ.