Богд хаант Монгол Улсын Засгийн газарт бичээчээс авхуулаад яамны сайд хүртэл дэвшин ажиллаж байсан, “Бодлогот баатар гүн” хэмээх цолт Б.Цэнд нь “Монголын нууц товчоо”-г анхлан монгол хэл рүү орчуулсан түүхтэй. Түүний “Монголын нууц товчооны ил түүх” номын баярыг “Чингис хаан” музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Олон улсын монгол судлалын холбоо, Үндэсний номын сан хамтран өчигдөр зохион байгуулав. Уг баярт Үндэсний номын сангаас л гэхэд сан хөмрөгтөө байдаг Цэнд гүнгийн гар бичмэлүүдийг уламжлалт болон цахим хэлбэрээр танилцуулж, үзэсгэлэн гаргаж оролцжээ. Б.Цэнд гүн нь ном зохиол ихэд уншиж судалдаг, бичгийн өндөр соёлтой, эртний монголоос гадна хятад, манж, солоон, дагуур, орчоон хэлийг сайтар эзэмшсэн нь “Монголын нууц товчоо”-г орчуулахад нь тус болсон хэмээн эрдэмтэд эдүгээ тайлбарлаж байна.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Билгүүдэйтэй саяхан ярилцахад “Богд хаант Монгол Улсын үед буюу 1916 онд Цэнд гүн “Юань улсын нууц түүх” гэсэн анхны орчуулгыг хийж, гар бичмэлийг захиалагчдаа өгөөд байсан юм. “Монголын нууц товчоо” судлал Хятадад уламжлалт байдлаар буюу хуучны гар бичмэлээс дамжуулан хуулан авах, түүндээ тайламж бичих байдлаар явж ирсэн. 1908 онд Шанхайд хуучны ном цуглуулдаг Е Дэхуй гэдэг хүн “Нууц товчоо”-ны 12 дэвтэрт нэгэн сайн эхийг орчин үеийн ном маягаар хэвлэсэн байжээ. Энэ номыг 1913 онд Буриадын эрдэмтэн Жамсраны Цэвээн тэнд явж байхдаа олж ирээд, Б.Цэнд гүнд өгч орчуулуулсан юм билээ. Б.Цэнд гүн 1916 оноос эхлэн, 1917 оны аравдугаар сард орчуулж дуусгаад, захиалагч Жамсраны Цэвээнд өгсөн. Эрдэмтэн Ж.Цэвээн уг гар бичмэлийг хадгалж байгаад 1935 онд Оросын Дорно дахиныг судлах хүрээлэнд өгсөн түүхтэй. Үүнээс хойш 80 жилийн дараа 1997 онд Б.Цэнд гүнгийн охин Ц.Хандсүрэн уг орчуулгыг гэрэл зургийн аргаар ном болгон хэвлүүлж монголчуудад танилцуулсан юм” хэмээн ярьсан.
Одоо энэхүү бүтээлийг болон холбогдох материал сэлттэй тухтай танилцах боломж олдож байна. Үзэсгэлэнг нийслэлд эхлээд буй олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлыг тохиолдуулан “Чингис хаан” музейд нээжээ.