Монголын органик ногоон хүнсний холбооноос энэ сарын 26, 27-нд “Веган Монгол” фестиваль зохион байгуулах аж. Өнгөрсөн жилийн үйл ажиллагаа үр дүнтэй байсан гэж үзээд эдүгээ дахин явуулахаар болжээ. Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох уг фестивалийн зорилго нь хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, амьтдад ээлтэйгээр амьдрах шилдэг туршлагыг түгээх аж. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох гол шийдэл нь веган амьдрал гэж үзэх хандлага олон улсад ихээхэн дэлгэрч буй. Тиймээс ургамлаар хооллох замыг сонгох нь зөвхөн хүнсний тухай ойлголт биш, зөв амьдралын хэв маяг, арга ухаан юм гэдгийг олон нийтэд таниулахыг зорьсноо зохион байгуулагчид онцоллоо. Өнгөрсөн жил уг арга хэмжээнд 4500 гаруй иргэн хамрагдсан байна. Мөн ногоон хүнсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ч нэмэгдсэн нь наадмын үеэр бараа, бүтээгдэхүүнээ танилцуулахаар бүртгүүлсэн байгууллага, хүмүүсээс харагдаж буй гэнэ.