Улаанбаатар хотод нэг иргэн тарваган тахлаар өвчилсөн нь энэ сарын 8-нд батлагдсан. Тухайн иргэний ойрын хавьтлын 12 хүнийг тусгаарласан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдрийн байдлаар ойрын хавьтал 15 болж нэмэгджээ. Үүнээс есөн хүнийг ХӨСҮТ-д хэвтүүлэн, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж буй юм байна. Харин халдварын голомт болох Хэнтийн Баян-Адрага сумд хоёр, Биндэрт гурав, аймгийн төвд нэг хүнийг тусгаарлан, эмчилж байгаа гэнэ. “Өвчилсөн иргэн сум, аймаг, нийслэлийн нутгаар явсан, бас замын унаагаар зорчсон учраас ойрын хавьтлын хүмүүсийг олж тогтоох нь нэлээд бэрхшээлтэй байлаа. Гэсэн ч холбогдох байгууллагынхан хамтран 24 цагийн хугацаанд ойрын хавьтлын хүмүүсийг бүрэн тогтоосон. Орон нутагт халдварын голомтод хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна” гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн юм.
Тарваган тахлаар өвчилсөн хүний биеийн байдал өчигдөр хүндэвтэр байсан бол ойрын хавьтлын хүмүүсээс халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэнэ. Уг өвчний нууц үе нь зургаан хоног бөгөөд энэ хугацаанд тэдгээр иргэнийг хяналтад байлгах аж. Ташрамд дурдахад, манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд энэ он гарснаас хойш хоёр хүн өвчлөөд байна. Үүнээс өмнө зургадугаар сарын 28-нд Говь-Алтай аймгийн Бугат сумд нэг иргэн тарваган тахлын булчирхай хэлбэрээр өвчилсөн юм. Тухайн хүн эдгэрч, ойрын хавьтлуудаас нь халдвар илрээгүй. Улаанбаатар хотын тухайд үүнээс өмнө 2000 онд тарваган тахал гарч байжээ.