Сүхбаатар аймгийн ард түмний олон зууны турш шүтэж ирсэн Алтан овооны тэнгэрийг тайх ёслол энэ сарын 5-нд боллоо. Тус аймгийн Дарьганга сумын нутагт байрлах Алтан овоог анх Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын 12, бич өдрийн луу цагт тахиж байжээ. Овооны тахилгыг хийснээс хойш 110 жилийн ой энэ онд тохиосон юм. Алтан овооны тахилгын ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, сүсэгтэн олны төлөөлөл оролцлоо.
Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед Ганжуур их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурав. Дараа нь хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Сүхбаатар аймгийн далбаа, их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлуулав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслолыг нээх үеэрээ уул овооны тэнгэрийг тайх нь түүх соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл гэдгийг тодотгосон юм.
Их шүтээн Алтан овоондоо бишрэл, хүндэтгэлээ үзүүлж, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв соёлоо дээдэлж буй нь түүх, ёс заншлаа эрхэмлэн хадгалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, үнэт зүйлээ бэхжүүлж байгаа хэрэг гэдгийг мөн хэлэв. Бас гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, рашаан усаа хамгаалж, ундны усны эхийг сэргээх, хөрс шороо, ой мод, ургамал, амьтдаа хамгаалахад иргэд, ялангуяа залуучууд идэвхтэй оролцож буйд баяртай байна гэлээ. Үүний дараа туульч Алтан овооны магтаал хайлж, лам хуврагууд Буман цагаан судар, Алтан овооны сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншив. Ёслолын төгсгөлд тахилын ширээнд залж байрлуулсан хөрөг, сүлд, далбааг буцааж залснаар Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөлөө.
Бэлтгэсэн: Б.Оргил