Манай улсад энэ жилээс хавдрын дархлаа эмчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Энэ нь хүний биеийн дархлааны эсүүдийг идэвхжүүлэх замаар хавдрыг устгадаг шинэ технологийн эмчилгээ аж. Эл шинэ технологийг Монголд нэвтрүүлэх ажлыг Эрүүл мэндийн яамнаас хариуцан хэрэгжүүлж байгааг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү мэдээлэв. Үүний хүрээнд олон улсын эмч, судлаач, эрдэмтэд ирэх долоо хоногт манай улсад ирж, хавдрын дархлаа эмчилгээний хөгжлийн өнөөгийн түвшин, үр дүнгийн талаар танилцуулах аж. Тодруулбал, “Элэг, цөс, нойр булчирхайн хавдрын мэс заслын долоо хоног” олон улсын арга хэмжээг ХСҮТ-өөс зохион байгуулах юм байна. “ХСҮТ-өөс сүүлийн 15 жилийн хугацаанд элэг, цөс, нойр булчирхайн хавдрын эмчилгээг цогцоор нь хөгжүүлэхээр ажилласан. Үүний үр дүнд дээрх төрлийн хавдруудын эмчилгээг олон улсын жишигт хүргэсэн гэж болно. “Элэг, цөс, нойр булчирхайн хавдрын мэс заслын долоо хоног” арга хэмжээний хүрээнд Япон, БНСУ, Франц, БНХАУ зэрэг улсаас эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд манайд ирэх юм. Тэд бидний эмчилгээний хөгжлийн түвшинд үнэлэлт дүгнэлт өгнө. Мөн манайд хараахан нэвтрүүлээгүй эмчилгээний шинэ арга технологиудаас танилцуулахаар болсон. Үүнээс гадна ХСҮТ-ийнхөнтэй хамтран мэс засал хийж, бусад эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд шууд дамжуулан хүргэж, туршлага солилцох юм” гэв.
Ташрамд дурдахад, манай улсад хавдрын тоон үзүүлэлтүүд жилээс жилд өсөх болсон. Тухайлбал, хавдраар өвчилсөн нь батлагдсан хүний тоо өнгөрсөн онд 6885 болж, түүхэн дээд түвшиндээ хүрсэн юм. Дараа жил эл үзүүлэлт 7000-д хүрэх төлөвтэйг ХСҮТ-өөс мэдээлж байв. Тус төвийнхөн жилд 800- 1000 хүнд элэг, нойр булчирхайн мэс засал хийдэг байна.
Бэлтгэсэн: М.Оч