Хүй долоон худгийн торгон ногоон дэнжид өнгөрөгч амралтын өдрүүдэд шашин, соёлын их баяр “Даншиг наадам-Хүрээ цам-2023” боллоо. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан хамтран долоо дахь жилдээ уг наадмыг зохион байгуулав. Дэлхий дахинд түүх соёл, өв уламжлалаа танилцуулах томоохон арга хэмжээ болгох зорилготой эл наадмын хөтөлбөрт урлагийн тоглолт, эрийн гурван наадам, даншиг парад, жороо морьдын уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон арга хэмжээг багтаасан байлаа. Мөн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, нийслэлийн 162 аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дэлгэсэн юм. Наадмын эхний өдөр Гандантэгчэнлин хийдээс Хүй долоон худаг хүртэл даншиг парад зохион байгуулсан нь олны нүдэнд өртсөн нь лавтай. Уг арга хэмжээг энэ жилээс анх санаачилсан бөгөөд гол зорилго нь жуулчдын сонирхлыг татах, тэдэнд өв соёлоо танилцуулах юм билээ. Тиймээс бүх ажиллагааг англи хэлээр тайлбарлаж байлаа.
МОНГОЛ ТУУРГАТНУУДЫГ УРЬЖЭЭ
Наадмын хойморт Очирваань бурхныг залжээ. Үүний учрыг зохион байгуулагчид “Очирваань бол монголчуудын сүлд бурхан, нийтийн шүтээн. Энэ бурхныг харснаар эрч хүч авч, гай барцдыг арилгадаг гэж бэлгэшээдэг” хэмээн тайлбарлав. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар наадмын нээлтэд оролцож үг хэлсэн юм. Тэрбээр “Энэ жилийн наадмыг “City of nomads” уриан дор зохион байгуулж, Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаачдыг урьж оролцуулж байна. Бидэнд мартаж болохгүй нэг үүрэг бий. Энэ нь өв соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх юм. Тиймээс Улаанбаатар хотоо олон улсад сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өв уламжлалаа таниулах зорилготой даншгийг өргөн хүрээнд зохион байгуулж байна” хэмээн онцлов. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг 2015 оноос хойш жил бүр нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохиодог болсон. Өмнө нь бол даншгийг гурван жилд нэг удаа зохион байгуулдаг түүхэн уламжлал байлаа” гэсэн юм.
ЦАМЫН БҮЖИГ ЗУРГААН ЦАГ ҮРГЭЛЖЛЭВ
Даншгийн эхний өдөр болсон гол арга хэмжээ нь цам харайх ёслол байлаа. Уг ёслолын цамын бүжиг тасралтгүй зургаан цаг үргэлжилсэн. Энэ нь өмнөх жилүүдийнхээс хоёр дахин удаан үргэлжилсэн гэсэн үг. Цамын үеэр Очирваань бурхан, Цагаан өвгөн, мөн нийслэлийг хүрээлэх дөрвөн уулын эзэн болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнийг үзүүллээ. Цам харайх зан үйлийн утга учрын талаар Гарма Гаржүд Үржин Пэрэнлайлин хийдийн хамба лам Д.Тайвансайханаас тодруулахад “Даншиг наадмын хамгийн гол үйл бол цам харайх. Үүнийг үзсэн хүн бүтэн жилдээ хийморьтой, эрүүл саруул, элбэг хангалуун байдаг гэсэн бэлгэдэлтэй. Анх цөөн хүн бүжиглэдэг байсан бол өдгөө олон хүн цам харайж байна. Бас энэ жил нэлээд өргөн хүрээг хамарч, олон цаг бүжиглэлээ” гэв.
НААДАМЧИД ЭНЭ ЖИЛИЙН ӨНГИЙГ ШИНЖЛЭЭ
Цам харайх ёслолын чухал хэсэг болох цагаан өвгөний хувцас, хэрэглэлийг энэ удаад монголжуу төрхтэйгөөр урласан нь наадамчдад таалагдаж, сонирхлыг нь төрүүлж байлаа. Цагаан өвгөн байгаль дэлхий ган зудгүй, хүн зон өвчин зовлонгүй, сайн сайхан байгаасай гэдгийг үйл хөдлөлөөрөө илэрхийлдэг аж. Зарим үзэгч цагаан өвгөний явдал хөдөлгөөнөөр тэр жилийнхээ өнгийг шинждэг заншил ч байдаг гэнэ. Тухайлбал, зөөлөн намдуу бүжиж буй нь энэ жил сайхан тогтуун жил болох учиртайг бэлгэддэг гэж үзэгчид хоорондоо ярилцаж байв. Харин хурдан түргэн бүжиж байвал тэр жил нь цаг агаар тогтворгүй болдог хэмээн шинждэг аж.
Наадам үзэхээр төвөд болон буриад лам нар иржээ. ОХУ-ын Буриадаас гэхэд 20-иод лам ирж үзэж буйтай таарав. Монголоор сайн ярьдаг хоёр ламтай уулзахад “Бид 2000 км зам туулж ирсэн. Энд ирээд монгол лам нартай ном хаялцлаа. Бид анх удаа Монголд ирж байна. Даншиг үзэх гэж л ирсэн. Сайхан санагдлаа. Танай улсаас манай Итгэлт хамбад мөргөхөөр олон хүн зорьж ирдэг. Дараа жилийн даншгаар дахиж Монголд ирнэ” гэлээ.
Буриад лам нар улаан хүрэн дээл, улаан орхимж өмсдөг аж. Тэднээс монгол ламын хувцас шар дээлэн дээр улаан орхимж өмсдөгөөрөө ялгарч байв.
Шашны дээд сургуульд суралцдаг лам нар даншгийн үеэр эрдэм мэдлэгээ уралдуулж, ном хаялцлаа. Тэд Чойрын номын мэтгэлцээн, балин урлах болон унзад голч нарын тэмцээн зохиосон юм. Тэгвэл даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх зодоглолоо. Тэр дундаа Өвөр Монгол, Буриад, Тувагаас 64 бөх ирж оролцсон нь онцлог байв. Наймын даваанд Архангайн Батцэнгэл сумын харьяат, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Г.Ганжадыг өвдөг шороодуулж, даншгийн арслан цолтон боллоо. Энэ удаа үзүүрлэсэн Г.Ганжад даншгийн заан цол хүртэв. Мөн хурдан морьдын уралдаан болсон. Их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Д.Төгсбаярын хээр морь түрүүллээ.
Үндэсний сур харваанд цэц сорьсон эрэгтэйчүүдээс Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, улсын тод харваач Б.Энхтүвшин 40 сумнаас нэг ч алдалгүй түрүүлж, эмэгтэйчүүдээс аймгийн мэргэн М.Баярмаа тэргүүллээ.
ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД НЭГДЭВ
Даншиг наадмаар энэ жил анх удаа олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. “Нүүдэлчдийн нийслэл” нэртэй энэ хуралд Монгол, Тува, Халимаг, Буриад, Өвөр Монгол, Казахстан, БНСУ, ХБНГУ зэрэг 10 улсын эрдэмтэд оролцов. Мөн өдгөө олон улсын залуу монгол судлаачдын сургалтад оролцож буй 30 судлаач ирлээ. Даншиг наадмын учир холбогдол, агуулга, үүсэл, хөгжил, цамын талаар илтгэлүүдийг уг хурлаар хэлэлцүүлсэн. Түүнчлэн нүүдэлчдийн хотын онцлог, бурхны шашны соёл, зан үйлийн талаар ч танилцуулж байлаа. Тухайлбал, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор О.Батсайхан “Монголын буддын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын институц ба Бат оршил өргөх ёслол”, доктор, профессор С.Дулам “Хүрээ дөрвөн уулын тахилга”, ХААИС-ийн багш, доктор Б.Лхагвадорж “ЮНЕСКО-гийн ивээл дор нүүдлийн соёл иргэншлийг судлах” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ч.Бямбажаргал “Энэ удаагийн даншиг урьд жилүүдийнхээс өргөн хүрээнд болж байна. Гадаадын жуулчдад зориулж танилцуулга материалыг англи хэлээр хэвлэж, тараалаа. Энэ жил бусад улс орны шашны төлөөлөл ирж оролцсон нь онцлогтой байлаа” хэмээн тодотгосон юм.