Хөгжмийн мастер Д.Уламбаяр болон “Хан хуур” хөгжмийн үйлдвэрийн урлаачид цахилгаан морин хуур бүтээжээ. Тэд 2008 оноос хойш чавхдаст, нумт хөгжмөөр “Silent electric string instrument” буюу цахилгаан зэмсэг бүтээх судалгаа хийсэн байна. Үүний хүрээнд морин хуур хөгжмийг механик, физик, материал судлал, статик, кинематик, динамик, эргономик тооцоололд суурилуулан шинэчилжээ.
Түүний үр дүнд “Duro” буюу “Дөрөө” нэртэй мoрин хуурыг бүтээсэн байна. Уг хөгжмийг морин хуурын үндсэн хэв загварыг хадгалан, орчин цагийн зах зээлд нийцүүлж, сонгодог маягаар урлажээ. “Морин хуур хөгжим дэлхийн сонгодог зэмсэг болон хөгжихөд нь нэг алхам ойртуулсан бүтээл болжээ” хэмээн тус салбарынхан “Дөрөө”-г сайшааж байна. Ташрамд дурдахад, анх “Ямаха” компани хөгжмийн үйлдвэрлэлийн салбарт шинэчлэл хийж, “SV-100” буюу цахилгаан хийлийг 1997 онд Америкт танилцуулсан түүхтэй.
Бэлтгэсэн: Б.Үүрцайх