“Улаанбаатар” олон улсын хөгжмийн наадам хоёр дахь жилдээ болох гэж байна. Өмнөд хөршид олон жил ажиллаж буй удирдаач Б.Лхагвасүрэн болон валторн хөгжимчин Т.Хуяг нар үүнийг санаачлан, манай улсын симфони найрал хөгжмүүдэд ажилладаг сонгодог хөгжимчдийн дэмжлэг, оролцоотойгоор зохион байгуулж буй юм. Хөгжмийн урлаг өндөр хөгжсөн улс орнуудад ажиллаж, амьдардаг хөгжимчид зун, амралтаараа цуглаж хамт тоглодог, бусад улсаас уран бүтээлч урьдаг туршлага, жишгээр энэ арга хэмжээг уламжлал болгохыг зорьж буй юм билээ. Санаачлагч, зохион байгуулагчид уг фестивалийг Төв Азийн хамгийн том хөгжмийн наадам болгохын төлөө зүтгэхээ илэрхийлээд буй. Долоо хоногийн турш үргэлжлэх наадмын хүрээнд цөөхүүл болон симфони найрал хөгжмийн гэсэн хоёр томоохон тоглолт болно. Улсын филармонид энэ сарын 19-ний үдэш болох цөөхүүл найрал хөгжимчдийн тоглолтоор Й.С.Бахын хоёр хийлд зориулсан концертыг БНХАУ, АНУ-ын хөгжимчид гоцлон хүргэх юм байна.
А.Вивальдийн “Дөрвөн улирал”, мөн А.Пиаццоллагийн “Дөрвөн улирал”-ыг эгшиглүүлнэ. Гоцлоочиднь Казахстаны Евгений Дё, ОХУ-ын Эрхүү хотын Филармонийн гоцлол хөгжимчин Х.Санчир нар. Төгсгөлд нь уран бүтээлчид Австралийн хөгжмийн зохиолч, удирдаач Полл Террачинийн “Сонгодог хөгжмийн өлгий нутгаар” хэмээх бүтээл сонсгох нь. Энэ сарын 23-нд мөн Филармонийн концертын танхимд болох симфонийн үдшээр Ардын жүжигчин Ц.Намсрайжавын “Говь гурван сайхан” симфони найраглалыг удирдаач Б.Лхагвасүрэн удирдан тоглуулах аж. Й.Штраусын “Цыган барон” хэмээх опереттын удиртгалыг маэстро Ц.Тэлмүүн-Очирын удирдлагаар тоглоно. Суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Трубадур” дуурийн Леонорагийн ари, мөн хөгжмийн зохиолчийн “Сицилийн оройн мөргөл” дуурийн Еленагийн “Болеро”-г хойд хөршийн Буриадулсын Дуурийн театрын гоцлооч С.Батчимэг дуулах аж. П.И.Чайковскийн “Анданте кантабиле” хэмээх зохиолыг БНХАУ-ын Кунмин хотын олон улсын симфони найрлын хөгжимчин Т.Хуяг гоцлон тоглоно. Харин эл хөгжмийн суутны хийл, симфони найрлын концертыг Казахстаны Евгений Дё гоцлох аж. Төгсгөлд нь хөгжимчид хамтдаа Пол Террачинийн “Сонгодог хөгжмийн өлгий нутгаар” бүтээлийг эгшиглүүлэх юм билээ.