Нийслэлийн ЗДТГ, Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг энэ сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж буй. Энэ талаарх зарим зүйлийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхээс тодрууллаа.
-Даншиг наадмыг өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн наадам юугаараа онцлог вэ?
-“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” бол өв соёлын наадам юм. Монгол Улсыг дэлхийд сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор энэ наадмыг 2015 оноос Гандан тэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд наадмыг “City of nomads” уриан дор зохион байгуулж, Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, эрдэмтэн, судлаачдыг урин оролцуулж буйгаараа онцлог. Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна.
-Хөтөлбөрийн талаар онцлохгүй юу?
-Урлаг, соёл, спорт, шашны томоохон арга хэмжээнүүд хөтөлбөрт багтсан. Тухайлбал, цам, ном хаялцах, балин урлалын, унзад, голч нарын тэмцээн болох юм. Очирваанийн тахилга, цам харайх, сор залах, соёмбот туг залах арга хэмжээтэй. Мэдээж манай үндэсний спортын тэмцээн, уламжлалт наадгайг зохион бай
гуулна. “Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ын бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран гурван төрлөөр зохион байгуулах юм. Энэ удаад үндэсний 256 бөх, Өвөр Монгол, Буриадын 64 бөх зодоглоно. Хязаалан, их насны, мөн жороо морьдын уралдаантай. Морьт харваа, шагайн харваа, сээр цохих тэмцээн бас зохион байгуулна.
-Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид ирнэ гэсэн та дурдлаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ удаагийн наадамд Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид урин оролцуулж байна. Тухайлбал, бөхчүүд, уран бүтээлчид, эрдэмтэн, судлаачид ирж наадамд оролцоно. Жишээлбэл, бидний сайн мэдэх Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, мөн Буриадын реппер Сарюна, Alihan DZE, Өвөр Монголын дуучин Танан, Ойрадын “Ансамбль Калмыкияу” зэрэг 17 уран бүтээлч ирэхээр болсон. Түүнээс гадна нүүдэлчдийн нийслэл хэзээ үүссэн, цаашид хэрхэн хөгжих вэ гэсэн сэдвээр “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Тус хуралд есөн орны 50 орчим эрдэмтэн, монгол судлаач хүрэлцэн ирж оролцох юм. Урлагийн хөтөлбөрийн хүрээнд нийт 7-8 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Жишээлбэл, наймдугаар сарын 5-ны орой залууст зориулсан шоу тоглолт болно. Эдгээр бүх арга хэмжээ үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй гэдгийг онцлох байна.
-Наадмын нээлт, бусад арга хэмжээ хэдэн цагаас эхлэх вэ?
-Наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 5-ны 09.00 цагаас цамын ёслол эхлэхээр байгаа. Үүний дараа 11.00 цагаас нээлт болно. Ингээд бүтэн хоёр өдрийн турш спорт, урлаг, соёлын арга хэмжээнүүд болох юм.
-Наадмын үеэр Хүй долоон худаг руу нэгдсэн унаа явуулах уу?
-Нийслэлийн Нийтийн тээврийн газраас зохицуулалт хийж байна. Тодруулбал, наадмын өдрүүдэд МУБИС-иас тогтмол цагуудад 10 автобусаар иргэдийг тээвэрлэнэ.
байгууллаа