Монголчууд бидний үнэт зүйл болсон он цагийн туршид уламжлагдан ирсэн соёлын биет бус өв, өвлөн уламжлагч нараа хүүхэд залуусдаа ойртуулах, сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах зорилгын хүрээнд “Нүүдэлчин-2023”-ыг наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулна. Энэхүү арга хэмжээний үеэр дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд хүрэлцэн ирж Монгол Улсын түүх, соёл уламжлалыг дэлхий дахинд таниулах ажлуудыг үе шаттайгаар сурталчлах юм байна.
Соёлын биет бус өвийг өндөр хэмжээнд өвлөн уламжилсан Ж.Хумбаа нь “2020 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарч байсан юм. Увс аймгийн Малчин сумын харьяат, ихэлч, бийч Жутаагийн Хумбаа нь 1943 онд төрсөн, 78 настай. Баяд бий биелгээ, ихэлийн татлагыг 10 настайгаасаа эхлэн аав, ээжээсээ сурч, эдүгээ 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа юм. Тэрбээр 1959 оноос эхлэн сум орон нутагтаа нэгдлийн малчин, сургуулийн тогооч, эмнэлгийн асрагч ажил хийж улс орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарчээ. Ж.Хумбаа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн "Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт" бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.