Манай улсад хамгийн анх цогцоор нь барьсан, 1000 хүний суудалтай, усан бассейн, мөсөн гулгуурын талбайтай, дөрвөн давхар спорт цогцолборыг Чингэлтэй дүүрэгт ашиглалтад оруулсан билээ. Тус цогцолборын зарим хэсгийг 2019 онд нээсэн бөгөөд 2022 онд ашиглалтад бүрэн оруулсан юм. Чингэлтэй дүүргийн X хороонд байрлах уг спорт цогцолборт зуны цагт сургалт, үйл ажиллагаа хэрхэн явуулж буйг сурвалжиллаа. Энэ төвд спортын олон төрлөөр жилийн дөрвөн улирлын турш иргэд хичээллэх боломжтой аж. Цогцолборын давуу тал нь стандартад нийцсэн орчинд хичээллэх, эрүүл мэндээ дэмжих, олон улсын тэмцээн, нийтийг хамарсан спортын томоохон арга хэмжээг зохион байгуулах хүчин чадалтай нь юм. Зуны улиралд хүүхэд, насанд хүрэгчид олонх нь амраад орон нутаг руу явчихдаг учраас иргэд цөөн байгаа нь анзаарагдсан. Гуравдугаар давхарт нь байрладаг 280 үзэгчийн суудалтай спорт зааланд волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байв. Мөн дүүргийн хэмжээний тэмцээнд оролцох спортын гимнастик, уран гулгалт, шатар, даам, тэшүүрийн баг тамирчид хуваарийн дагуу бэлтгэл сургуулилалтаа ээлжлэн хийдэг гэнэ. Биднийг очих үеэр сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчид бэлтгэлдээ гарсан байлаа.
“ХҮҮХДҮҮД САРЫН ДОТОР СЭЛЭЭД СУРЧИХДАГ”
Нэгдүгээр давхрын угтах хэсгийн ажилтанд өсвөр насны хэсэг хүүхэд дараалан бүртгүүлж, спортын танхим руу орж байв. Олонх нь тус давхарт байрлах усан бассейны танхимыг зорьсон юм. Энэ давхарт бялдаржуулах танхим, усан бассейн, үйлчилгээний бусад газар байрладаг аж. Бассейны танхим руу ороход маш тохилог, саруулхан, том танхим угтлаа. “Битгий яар”, “Толгойгоо дээшээ”, “Тэгшхэн, нэг шугамаар сэл” гэж багш хүүхдүүдэд зааж байв. Энд 7-14 насны хүүхдүүд хичээллэж буй гэнэ. Тэд бүгд биедээ хөвөгч хантааз зүүсэн нь анхан шатны суралцагчид гэдгийг нь илэрхийлнэ. Усан спортын багшаар 11 жил ажиллаж буй С.Ержан “Манай бассейн үйл ажиллагаагаа эхлүүлээд жил гаруй болж байгаа. Дөрвөн багш ээлжээр ажилладаг. Зун илүү ачаалалтай болдог. Нэг дор 15-20 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Өдөрт 100-гаад хүн үйлчлүүлдэг. Замын урт 25 метр, гурван эгнээтэй, олон улсын стандарт хангасан. Усны ариутгал болон стандартыг хангах тусгай мэргэжилтнүүдтэй. Ариутгалд ихэд анхаардаг. Голдуу анхан шатны түвшний хүүхдүүд хичээллэдэг. Тэд долоо хоногт гурван удаа 45 минутын хугацаанд бэлтгэл хийдэг юм. Сарын хугацаанд сэлээд сурчихдаг. Олонх хүүхэд хурдан сурдаг. Зарим нь орчинтойгоо зохицох гээд бага зэрэг удах тал бий” гэлээ. 10 дахь хоногтоо хичээллэж буй Ө.Хүслэнтэй уулзахад “Би 14 настай. Ерөнхий боловсролын 50 дугаар сургуульд сурдаг. Энэ жил есдүгээр ангид орно. Энд бүх юм нь таалагдаж байгаа. Найзтайгаа хамт хичээллэдэг. Анхны өдөр айсан ч дараа нь сурчихсан. Багш нар нь огт уурлахгүй, сэтгэлээсээ дэмждэг. Миний хувьд эхлээд хөлөө, дараа нь гараа даллаж сурсан. Одоо мэлхий сэлэлт сурч байна” гэв.
БЭЛТГЭЛ ХИЙХ ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛСЭН
Туялзуур сэлмийн бэлтгэл хийгээд гарч буй, тэргэнцэртэй гурван тамирчинтай цөөн хором ярилцлаа. Бэлтгэлээ хэрхэн хийдэг, хэзээнээс уг цогцолборт хичээллэж эхэлсэн талаараа тэд “Энэ цогцолборт саяхнаас бэлтгэл хийж эхэлсэн. Наймдугаар сарын сүүлчээр БНСУ-д болох олон улсын тэмцээнд багаараа оролцохоор долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэлээ нэлээд шахуу хийж байгаа. Өмнө нь X хороололд хичээллэдэг байсан. Энд бэлтгэл хийх боломж олгон, нэгдүгээр давхартаа заал гаргаж өгсөн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны хамт олонд маш их баярлаж байна. Бэлтгэл хийх ийм хүртээмжтэй орчин байвал бид холоос ч зориод л ирнэ” гэв. Тус дүүргийн оршин суугч, эцэг, эхчүүд хүүхдүүдээ секц, дугуйланд хамруулахын тулд багш нартай нь уулзан, мэдээлэл авахаар эднийхийг зорих нь элбэг аж. Хоёрдугаар давхарт байрлах мөсөн гулгуурын талбайд уран гулгалтын тамирчид багш нарын хамтаар цаг авч, бэлтгэл хийхээр цугларчээ. Тэдний гулгахыг харах боломж гарсан ч нимгэхэн хувцастай бол даарахаар хүйтэн орчин угтсан юм.
Өвлийн спортоос шорт трек, уран гулгалт, хоккей гэсэн гурван төрлийг хөгжүүлэх, сургалт явуулах боломжийг эл мөсөн гулгуурын талбай бүрдүүлжээ. Гэхдээ шорт трекийн олон улсын тэмцээн зохиох боломжгүй гэсэн. Яагаад гэвэл өндөр хурдтай бэлтгэл хийхэд талбайн хэмжээ нь багадах гэнэ. Учир нь талбайн нийт өргөн 25, урт нь 51 метр буюу олон улсын жишиг хэмжээнд арай хүрэхгүй аж. Олон улсын тэмцээн явуулах талбайн стандарт хэмжээний өргөн 30, урт нь 60 метр байх ёстой аж. Хэдий тийм ч уран гулгалт, хоккейн төрлөөр тэмцээн зохиох боломжтой. Жилийн дөрвөн улиралд мөн л тасралтгүй ажилладаг юм байна. Ялангуяа хичээлийн шинэ жил эхлэх үеэр, өвөл ачаалал ихэсдэг. Үйлчлүүлэгчдийн олонх нь хүүхдүүд. Дүүргийн оршин суугч, 60-70 настай ахмадууд сүүлийн үед сонирхож ирдэг болсныг тэндхийн ажилтан хэлэв. Мөн хоёрдугаар давхартаа бөх, боксын бэлтгэлийн, тамирчдын хувцас солих өрөөнүүдтэй. Тус цогцолборын зуны улиралд ажиллах хуваарь 08.00-20.00 цаг хүртэл гэнэ.
Б.МӨНХБАЯР: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН БАССЕЙНТАЙ БОЛНО
Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнхбаяртай цөөн хором ярилцлаа.
-Чингэлтэй дүүрэг зуны болон өвлийн аль ч төрлийн спортын тэмцээнийг зохион байгуулах боломж бүрдүүлжээ.
-Нийслэл болон дүүргээс зохион байгуулж буй томоохон арга хэмжээ, спортын тэмцээнүүд манай цогцолборт болдог. Олон улсын тэмцээнүүдийг ч зохион байгуулах бүрэн боломжтой. Манай заал хоосон байна гэж бараг үгүй. Одоогоор хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Шизүока мужийн Яйзу хотын 25 хүний бүрэлдэхүүнтэй сагсан бөмбөгийн тамирчид манайхтай хамтарч бэлтгэл сургуулилалтаа хийхээр болсон. Өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ноос эхлэн гурван сарын хугацаанд “Цаг гаргая” аяныг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаа нэлээд өргөн хүрээг хамруулсан. Нийслэлийн бүх дүүргээс 40-өөд мянган хүн 05.00-20.00 цагт үнэ төлбөргүй хамрагдлаа. Ажлын бус цагаар явуулсан боловч сүүлдээ заалнууд ачааллаа дийлэхгүй, тоног төхөөрөмж хүрэлцэхгүй болсон. Мөн “Эрүүл байя”, “Жингээ хасъя”, “Эртэч монголчууд” аяныг амжилттай зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн спорт цогцолборыг мэдэхгүй хүн бараг үгүй гэхэд болно. Жин хасах аяныг дөрвөн удаа зохион байгуулсан. Манайх 52 хүний бүрэлдэхүүнтэй, дасгалжуулагч багш нараас гадна үйлчилгээний ажилчид багагүй хувийг эзэлдэг. Өглөө эрт зохиогддог “Эртэч монголчууд” аяныг тогтмол хэрэгжүүлдэг болгох сон гэж боддог. Бид бусад дүүрэг, спорт хорооныхонтой хамтарч, үйл ажиллагааны туршлага солилцож ирсэн.
-Чингэлтэй дүүргийн оршин суугчид энд ирэх маш дуртай юм аа. Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шинэлэг ажлууд бий юү?
-Зорьсон зүйл их бий. Энэ жилээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадуудад анхаарч ажиллаж байгаа. Дүүргийн удирдлагын дэмжлэгээр бассейны нэг замыг тэдэнд зориулж өөрчлөхөөр төсвөө шийдүүлсэн. Удахгүй засвар хийж, шинэчлэх юм. Манай улсад олон бассейн ажилладаг ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан, сэргээн засах, эмчилгээний, дасгал заах зориулалтынх байдаггүй. Мөн тэдэнд энэ сараас бэлтгэл хийх тусгай зориулалтын заал гаргалаа. Цаашид Япон Улсаас спортын хоёр төрлийг шинээр нэвтрүүлэхгээд манай мэргэжилтнүүд судалж байна. Тус улстай хамтраад бэлтгэл ажлаа хангаад, ирэх сарын эхээр нэвтрүүлэхгэж байгаа. Эхний ээлжид нийслэлийн хэмжээнд сургалтаа хөгжүүлнэ. Энэ мэт Монголд байхгүй шинэлэг арга хэмжээг явуулахыг зорьдог. Ялангуяа зун иргэддээ бүх бололцоог бүрдүүлсэн хөнгөлөлтийг үзүүлдэг. Тэшүүрийн спортыг хөгжүүлэхээр шигшээ баг бүрдүүлж, бэлтгэлдээ орсон. Ер нь спортын бүх төрлийг хөгжүүлэх зорилготой. Тухайлбал, бочигийн төрлийг хөгжүүлэхээр бэлтгэл хийх нөхцөлийг нь бүрдүүлж, бараг бэлэн болгосон.
-Танай дүүргийн тамирчид тэмцээндээ хэр амжилт гаргасан бол?
-Энэ онд зохион байгуулсан Монголын бүх ард түмний спортын наадамд манай тамирчид амжилттай оролцсон. Үндэсний хүүхдийн спортын наадамд манай тамирчид хоёрдугаар байр эзэллээ. Тус наадамд Чингэлтэй дүүргийн өсвөрийн 134 тамирчин спортын 17 төрөлд өрсөлдсөн юм. Манай дүүрэг үйл ажиллагаагаараа нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд спортоор зургаан жилд нь шилдгийн шилдэг болсон. Нийслэлийн иргэдийн спортын наадам 10 дахь жилдээ өнгөрсөн жил боллоо. Нэг хүн нэг спортын төрлөөр оролцдог. Үүнд манайх долоон жилд нь түрүүлсэн.