Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлжээ. Уг тогтолцоог нэвтрүүлэх ажлыг 2022 оны есдүгээр сараас эхлүүлсэн аж. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа дэлхийн жишигт нийцүүлэх ажлуудыг шат дараатай хэрэгжүүлснээр дээрх стандартын шаардлагыг хангасныг нотолсон баталгаажуулалтын гэрчилгээг олон улсын итгэмжлэгдсэн байгууллага болох SFCS компаниас авсан байна.
Тус төвийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа “Энэ тогтолцоог нэвтрүүлэхийн тулд 10 бүлгийн 100 гаруй үзүүлэлтийн шаардлагыг хангах ёстой байлаа. Манай эмнэлгийн үзүүлэлт анх 49 хувьтай байсан. Харин өнгөрсөн хугацаанд өдөр тутмын үйл ажиллагаагаа сайжруулснаар үзүүлэлтээ өсгөж чадлаа. Энэхүү стандартыг хэрэгжүүлснээр бид үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн тусламж, үйлчилгээг тасралтгүй, тогтвортойгоор, аюулгүй орчинд үзүүлэх боломж бүрдлээ. Мөн аливаа эрсдэл, боломжоо төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах үйл явцын уялдааг хангаж, тогтвортой хөгжлийн суурь бий болгож байна” гэв.
Бэлтгэсэн: М.Оч