Японы хэсэг судлаач эрдэмтний шүд ургуулах эм бүтээх ажил ахицтай байгаа ажээ. Ахлах шинжээч Катсу Такахаши шинэ бүтээгдэхүүний клиник туршилтыг ирэх оны долдугаар сард хийх талаараа мэдээлсэн байна. Тэрбээр “Шүдний эмч бүр шинэ шүд ургуулчих юм сан гэж боддог. Би залуу судлаач байхаасаа үүн дээр ажилласан. Санасандаа хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Эрдэмтэд уг эмийг төрөлхийн дутуу шүдийг нөхөх зорилгоор бүтээж буй аж. Улс орнуудад явуулсан судалгаагаар хүн амынх нь ойролцоогоор нэг хувьд ийм эмгэг бүртгэгдсэн байдаг гэнэ. Зарим хүний зургаа хүртэлх шүд дутуу байдаг бол огт шүдгүй төрөх нь бас өдрийн од шиг таардаг аж. Шүд дутуу, эсэхийг сүүн шүд унахаас өмнө рентген шинжилгээгээр тогтоодог юм байна.
Бэлтгэсэн: Ж.Гэрэл