Соён гэгээрүүлэгч, Говийн V ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн баяр наадмын нээлт тун удахгүй “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгээр эхэлнэ. “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн ерөнхий найруулагч, Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Х.Хашхүүтэй цөөн хором хөөрөлдлөө.
-Ганцхан цагийн дараа Дорноговь аймгийнхны баяр наадмын нээлт болно. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгээ нээх гээд машид догдолж байна. Ноён хутагтынхаа мэндэлсний 210, 215 жилийн ойд оролцож байлаа. 210 жилийн ойгоор нь хутагтын тухай 150 хүүхдийн оролцоотой чуулбар бүжиг дэглэсэн. 215 жилийн ойгоор 108 дарь эх, 30 хунгийн чуулган, шударга үнэний билгэ тэмдэг болсон хилэнц дивранз гээд хутагтын гурван шүтээнийг нь холбож мөн чуулбар бүжиг дэглэж байв. Ер нь бүжиг дэглэж эхэлснээсээ хойш “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг дэглэхсэн гэж мөрөөдсөн. Мөрөөдөл маань 10 жилийн дараа биеллээ.
-“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн гол онцлог юу вэ?
-Ерөөсөө л гоо зүйгээр дамжуулж, уран галбир хөдөлгөөнөөр хүний дотоод сэтгэлийг ил гаргаж, үггүйгээр харуулна шүү дээ. Равжаа хутагт их олон дуу туурвисан. Өвгөн шувуу, Хурмаст тэнгэр зэрэг дуунаас нь сэдэвлэж бүжгэн жүжигтээ оруулсан. Бурхан шашны сургааль, говь нутгийн онцлог гээд олон зүйл харуулахыг хичээлээ. 220 жилийн өмнө амьдарч байсан, дэлхий дахины шүтээн болсон хүний оюуны бүтээлийг үзэгчдэд хүргэхээр ерөнхий дэглээчээр ажиллаж байгаа нь тэнгэрийн хишиг юм.
-Уран бүтээлчдийн бүрэлдэхүүнээ танилцуулаач?
-Аливаа том уран бүтээл гаргахад асар их хугацаа шаардагддаг. Харин энэ удаа асар богино хугацаанд хичээж ажиллалаа. Улаанбаатараас мэргэжлийн урлагийн байгууллагын 50 гаруй уран бүтээлч ирсэн. Тухайлбал, Бүжгэн жүжигт Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээчид, бүжигчид, Дуурь бүжгийн эрдмийн театрын балетийн бүжигчид, Монгол Улсын Консерваторын оюутнууд, “Монгол хаан” театрын циркийн багийнхнаас гадна нутгийн “Саран хөхөө” театрын бүжигчид, Дорноговийн авьяаслаг хүүхдүүд оролцож байна. Энэ бүжгэн жүжгийн автор болох хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбат, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн А.Шартолгой, Х.Ганбаатар нар маань асар их үүрэг гүйцэтгэж оролцож байна.
-Тайзны засалт их өвөрмөц харагдлаа.
-Задгай тайз бэлтгэсэн. Асгарсан оддынхоо дор, “хур”-тай хууртайгаа, хөшиггүйгээр, бүжгэн жүжгээ үзэгчдээ толилуулах гэж байна. Тайзны засалтад их анхаарсан. Гэхдээ үзэгчид маань өөрсдөө ирж үзээд үнэлгээгээ өгөх биз ээ.