Монголын үндэсний бөхийн холбооноос "Даншиг наадам-Хүрээ цам"-ын үеэр үндэсний болон өвөр монгол, буриад бөхийн барилдаан зохион байгуулахаар болжээ. "Даншиг наадам-Хүрээ цам"-ын бөхийн барилдаан наймдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох бөгөөд энэ жил үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдуулахаар төлөвлөжээ. Бөхийн барилдаануудын 1, 2-ын даваа наймдугаар сарын 5-ны өдөр, 3-аас дээших даваа 6-ны өдөр болно. Дээрх 3 төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулах бөгөөд барилдааны сугалааг наймдугаар сарын 4-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Ингэхдээ үндэсний бөхийн барилдаанд Даншигийн цолтой бөхчүүдийн эрэмбийг харгалзах юм. Мөн Монгол туургатан зочин бөхчүүд үндэсний бөх болон буриад, өвөр монгол бөхийн барилдаанд оролцон барилдах боломжтой, харин улс, аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаанд давхар оролцохгүй, аль нэг барилдааныг сонгон барилдана.
Үндэсний бөхийн барилдааныг МҮБХ-ны баталсан “Бөхийн барилдааны дүрэм”-ээр зохион байгуулж, түрүүлсэн бөхөд 15,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал, үзүүр бөхөд 10,0 сая төгрөг, их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг, давааны бай шагнал 1-5 давсан бөхчүүдэд олгогдохоор зохион байгуулж байна. Түүнчлэн буриад бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 10,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар, үзүүр бөхөд 5,0 сая төгрөг, их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг, давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдох аж.Өвөр монгол бөхийн барилдаанд ч ялгаагүй түрүүлсэн бөхөд 10,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар, үзүүр бөхөд 5,0 сая төгрөг, их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг олгохоос гадна давааны бай шагналыг 1-3 давсан бөхчүүдэд олгохоор болжээ.