НҮБ-аас зохион байгуулдаг, хүнсний асуудлаарх дээд хэмжээний уулзалт Италийн нийслэл Ромд болж байна. Өнөөдөр өндөрлөх эл уулзалтад 170 орчим орны дээд, өндөр түвшний 2000 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Тэд Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “өлсгөлөнг зогсоох” үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхдээ гаргасан ахиц, дэвшлээ дүгнэж, хүнсний хангамжийн тогтолцоогоо боловсронгуй болгох арга хэмжээ, чиглэлээ тодорхойлох аж.
Уг уулзалтыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилгаар 2021 онд анх зохион байгуулсан. НҮБ-ын зүгээс энэ удаагийн уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг урьсан бөгөөд Төрийн тэргүүнийг төлөөлөн гадаад бодлогынх нь зөвлөх Э.Одбаяр оролцож буй гэнэ. Ерөнхийлөгч өнгөрсөн оноос “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, 19 нэр, төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлох зорилт дэвшүүлсэн билээ.
Бэлтгэсэн: У.Наран