Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 264-р тогтоолоор 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 371-р тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ тэргүүлэн ажиллаж байна. Дээрх зорилтын хүрээнд олон улсын контент бүтээгчдийн “Nas Summit-2023” уулзалтыг Улаанбаатар хотноо Соёлын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулахаар боллоо. Арга хэмжээнд дотоодын болон олон улсын 1000 гаруй контент бүтээгчид оролцох бөгөөд Монгол руу чиглэсэн томоохон контент бүтээх үйл ажиллагааг наймдугаар сарын 19-нд хийхээр төлөвлөжээ. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь дотоодын контент бүтээгчдэд олон улсад хамтын ажиллагаа болон дэлхийн/бүс нутгийн брэндийн хэлцлийг баталгаажуулах боломжийг нээх юм. Мөн дотоодын контент бүтээгчид олон улсын илтгэгчидтэй нэг тайзан дээр гарснаар олон улсын хэмжээнд хүрээгээ тэлнэ.
“Nas Summit-2023”-д олон улсын 20 гаруй контент бүтээгчид илтгэгчээр оролцох бөгөөд эдгээр контент бүтээгчдийн нийт дагагчдын тоо 300 орчим сая. Монгол Улсад “Nas Summit-2023” чуулга уулзалтаа зохион байгуулсны дараа манай орноор аялж, үүн дотроо “Нүүдэлчин Монгол-2023” соёлын биет бус өвийн Их наадамд зочлон Монгол соёлын өв, ахуй уламжлалтай танилцаж түүгээр контент бүтээж дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлнэ.
Эх сурвалж: Соёлын яам