Морьтой циркчдийн “Чүрэ андури” тоглолт “Сэртэн морьтон” цогцолборт энэ сарын 31 хүртэл өдөр бүр 14.00, 17.00 цагт болж буй аж. Уг цогцолбор нь Төв аймгийн Аргалант сумын I багийн нутагт, Хустайн нуруу, Молцог элсний ард, Сэртэн уулын баруун талд байрладаг юм байна. Тэд монголчуудын ахуй, амьдралын хэв маяг, хүн, байгалийн шүтэлцээ, ан ав, дайтах ур чадвар, урлаг, урлахуйн соёлын талаар циркчилсэн тоглолтоор үзүүлдгээрээ онцлогтой. Уран бүтээлчид энэзун “Чүрэандури” хэмээх домогчилсон зохиолын хүрээнд алтай ятгаас сэдэвчилсэн үзүүлбэр толилуулж байгаа гэнэ. Суудлын тоо 2500, тасалбарын үнэ49-150 мянган төгрөг аж. Харин 0-8 насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилдэг юм билээ.
“ХҮН ШҮТЭЭН”-ИЙГ ҮЗЭЭРЭЙ
“Sky resort”-д байрлах “Хүн” гэр театрынхан “Hun totem” буюу “Хүн шүтээн” хэмээх ардын урлаг, монгол цирк хосолсон үзүүлбэр бүхий тоглолтоор дотоод, гадаадын жуулчдад үйлчилж байна. Энэ сарыг дуусталх хугацаанд өдөр бүр 17.00 цагаас тоглолттой юм байна. Бүжигчин, бүжиг дэглээч, Гавьяат жүжигчин Д.Энхгэрэлийн үүсгэн байгуулсан, өөрөө уран сайхны удирдагчаар нь ажилладаг тус байгууллага нь үндэсний уламжлалд суурилсан орчин үеийн янз бүрийн сэдэвт бүжгээрээ алдартай. Үзэгчидтэйгээ хамт бүжиглэж хөгжөөдөг нь сонирхолтой. Циркчдийн уран нугаралт, олон давхар сандлын болон өндрийн үзүүлбэрүүд нь өвөрмөц. Тасалбарын үнэ 50 000 төгрөг аж.
АРХАНГАЙД СОНГОДОГ ХӨГЖМИЙН ҮДЭШ БОЛНО
Улсын филармонийнхон энэ сарын 29-нд Архангай аймгийн төв Цэцэрлэгт байгуулж буй урлаг, спортын ARA цогцолборт “Сонгодог хөгжмийн үдэш” тоглолт зохион байгуулах ажээ. Тус аймгийн ЗДТГ-аас аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан “Аяллаа Архангайгаас” хэмээн нэрийдсэн сарын хугацаатай аян зарласан гэнэ. Үүний хүрээнд улсын хөгжмийн хүрээлэнгийн уран бүтээлчдийг залж буй аж. Орон нутагт аялж буй дотоод, гадаадын бүхий л жуулчныг энэүдэш “Саатан тухлаарай” хэмээн урьж байна. Тасалбарын үнэ 25 900, 69 900 төгрөг ажээ.
МУЗЕЙНҮҮДИЙН ҮҮД БАЙНГА НЭЭЛТТЭЙ
Улсын болон аймаг, сумуудын музейнүүдийн хаалга зуны турш нээлттэй байна. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн “Боржигон өв”, Булган аймгийн музейнхэн мэдээллээ идэвхтэй түгээж буй юм. “Боржигон өв” соёлын төвийнхөн музей үзэх тасалбарын үнэ 1000-5000 хэмээгээд, бямба, ням гарагт амрахыг сануулсан байна. Тэгвэл Булганы музей үзэх тасалбарын үнэ2500-40 000 төгрөг гэнэ. Мэргэжлийн аппаратаар зураг авах бол 15 000, бичлэг хийх бол 40 000 төгрөг гэдгийг тодотгожээ. Эднийх 08.00 цагаас үүдээ нээдэг бөгөөд амралтын өдрүүдэд ажилладаггүй.