Багачуудын дунд шүдний өвчлөл ихэссэн. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 7-ны 11 дүгээр тэмдэглэлд тусгасаны дагуу “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар байгуулсан.
"Шүд" төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн наадмын өмнөхөн хуралдаж, нүүр ам судлалын салбарын эрдэмтэн, профессор, эмч, судлаач нарт ажлын хэсгийн боловсруулсан төслийг танилцуулсан аж.
Улмаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлуулснаа танилцуулжээ.
Шинэ өөрчлөлтөөр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад 1 шүдний эмчилгээг 60,000 төгрөгөөр, жилдээ 3 шүд, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 90,000 төгрөгөөр жилдээ 3 шүд эмчлүүлэх зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болсон байна.
“Шүд” төсөл нь нүүр амны тусламж үйлчилгээний тэгш бус байдлыг багасган хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих зорилгын хүрээнд шүд угаах дадлыг төлөвшүүлэх, амны хөндийн нийгмийн эрүүл мэндийн болон тандалт мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, нүүр амны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг зорилтууд дэвшүүлсэн байна.