Хачигт халдвар буюу энцефалитын улмаас Булган аймагт уржигдар нэг хүн нас баржээ. Түүнчлэн уг халдварт өртсөн хоёр хүний биеийн байдал хүндэрч, өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Үүнээс өмнө өнгөрсөн сард, мөн энэ сарын эхээр хоёр хүн хачигт энцефалитаар эндсэн байна. Манай улсад хачгаар дамждаг хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит гэсэн гурван төрлийн өвчин бүртгэгдсэн байдаг аж. Эдгээрээс хачигт энцефалит нь хамгийн хүнд хэлбэрээр илэрдэг, хүний мэдрэлийн системийг хүчтэй гэмтээдэг, улмаар өвчтөн нас барах эрсдэлтэй өвчин юм.
Манай орны найман аймгийн 17 сум уг өвчний байгалийн голомттой гэнэ. Энэ жилийн тухайд Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт хачигт халдварын байгалийн голомт идэвхжиж, иргэд олноор өвчлөх болсныг Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс сэрэмжлүүллээ. Хачигт халдварт хэр олон хүн өртсөнийг дээрх төвийн тархвар судлаач Ш.Сувд-Эрдэнээс тодруулахад “Манай улсад жилд хачигт халдварын сэжигтэй тохиолдол ойролцоогоор 500-600 бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл, ийм тооны хүн хачигт хазуулдаг. Энэ оны тухайд одоогоор 490 хүн хачигт хазуулсан гэж бүртгэгдсэн байна. Тэр дундаа 27 хүн хачигт энцефалитаар өвчилсөн нь өмнөх жилүүдийн дунджаас хоёр дахин олон байгаа юм.
Тэднээс гурван хүн нас барлаа. Харин өнгөрсөн онд хачигт халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй” гэв. Хачигт халдварт өртсөн болон нас барсан хүний тоо нэмэгдсэн шалтгааныг түүнээс лавлахад “Өнгөрсөн хоёр жилд цар тахлын улмаас орон нутагт аялах хүний тоо харьцангуй цөөн байсан. Харин энэ онд аялагчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор хачигт халдвар ихэссэн. Түүнчлэн орон нутагт, ялангуяа ойд аялж зугаалж яваа иргэд уг өвчний талаар сайн мэдэхгүйгээс болж халдвар авах нь элбэг. Ялангуяа хачигт хазуулснаас хойш 1-2 сарын дараа буюу өвчин хүндрэхэд эрүүл мэндийн байгууллагад хандсан хүн цөөнгүй байна. Энэ нь өвчтөний биеийн байдал дордох, улмаар нас барах шалтгаан болох эрсдэлтэй” гэв.
Хачигт халдварын байгалийн голомт 4-10 дугаар сард идэвхэждэг аж. Тиймээс дээрх хугацаанд ойд аялж зугаалах иргэд сэрэмжтэй байх, ялангуяа хачигт хазуулсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа. Мөн ой бүхий бүс нутагт байнга ажиллаж, амьдардаг иргэд хачигт энцефалитын вакцин хийлгэхийг зөвлөсөн юм.
Бэлтгэсэн: М.Оч