Японы “TBS” телевизээр “VIVANT” олон ангит уран сайхны кино өчигдрөөс нийтэд цацагдаж эхэлжээ. Энэ киноны зарим зургийг Монгол Улсад авсан төдийгүй манай жүжигчид тогложээ. Тодруулбал, “VIVANT” кинонд СТА, жүжигчин Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, жүжигчин Х.Цасчихэр нар тоглосон байна.
Киноны үйл явдлаас цухас дурдвал, гол дүрүүд томоохон хэмжээний төсөлд их хэмжээний хөрөнгө оруулсан ч, мөнгөө буруу шилжүүлсэн тул үүнийгээ олохоор өөр улс руу очих бөгөөд тэнд олон үйл явдал өрнөх аж. Киноны гол дүрийн жүжигчид болох Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи нар нь Японы А зэрэглэлийн уран бүтээлчид юм байна.
Жүжигчин Х.Цасчихэр киноныхоо талаар "Гадны уран бүтээлд оролцож Японы сүпер жүжигчидтэй нь харьцаж, сүпер найруулагчтай нь хамт ажиллаж үзлээ. Өөрийнхөө мэргэжлээр бахархах сэтгэл төрж сайхан мэдрэмж хантал авч, маш олон зүйлийг бусдаас суралцсан сайхан бүтээл байлаа" хэмээн бичжээ.