Соёлын өвийн үндэсний төв, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, анхан шатны судалгаа хийх арга зүйг нутагшуулж буй. Эл ажлын хүрээнд Хархорум хотын туурь дахь дурсгал болох чулуун яст мэлхийн гадаргуу хэсгийн тос болон сангаснаас үүдэлтэй механик, химийн гаралтай гүн бохирдлыг цэвэрлэж саармагжуулах ажлыг хийж дуусгажээ. Энэхүү дурсгалын гадаргуу хэсгийн цэвэрлэгээг анх удаа хийсэн бөгөөд олон жилийн турш хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гадаргуу хэсэгт тос тосон бүрхүүлийн давхарга зузаарч давирхайжилт үүсэн өнгөний өөрчлөлт явагдаж, биологийн болон нарны хэт ягаан туяаны физик гэмтэлд ихээхэн орсон байна.
Үл хөдлөх дурсгалд сүү цагаан идээ өргөх, тос тосон бүтээгдэхүүн түрхэх зэрэг нь хорхой шавж татах, дурсгалын материалын чанарт муугаар нөлөөлөх, өнгөний өөрчлөлтөд оруулж , устаж үгүй болох гол шалтгааны нэгээхэн хүчин зүйл нь болдог учир ард иргэд та бүхэн цаашид дурсгалт газруудад зөв зохистой аялал зугаалга, шүтлэг бишрэлийн зан үйл хийхийг уриалж байна.