Улсын хэмжээнд 28 сая га талбай бүхий 102 тусгай хамгаалалттай газар 33 хамгаалалтын захиргаа байдаг. Үүний нэг нь Хустайн байгалийн цогцолборт газар /ХБЦГ/ бөгөөд дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулахаар байгуулагдсанаараа өвөрмөц онцлогтой. Анхны 16 тахь авчирсаны дараа 1993 онд “Байгалийн нөөц газар”-ын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд “Байгалийн цогцолборт газар” болгон хамгааллын зэрэглэл ахиулсан. Өдгөө тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өсөн олширч, ирж суурьшсан нэн ховор, ховор олон зүйлийн амьтан ургамал, биологийн олон янз байдлыг 54 хүнтэй хамгаалалтын захиргаа хариуцан хамгаалж байна.
Тахийг дэлхийн сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адуу хэмээн адуу судлалаар мэргэшсэн ихэнх судлаачид хүлээн зөвшөөрдөг. Адууны овгийн бусад амьтдаас хамгийн сүүлд буюу 1881 онд шинжлэх ухаанд танигдаж, 1969 онд байгальд бүрмөсөн устаж, 1992 оноос эх нутагт нь сэргээн нутагшуулсан түүхтэй. Анх 1992 оны зургадугаа сарын 5-нд, Дэлхийн байгаль хамгаалах өдөр 16 тахь эх нутгийнхаа хөрсөнд гишгэсэн бол түүнээс хойш 4 удаагийн тээвэрлэлтээр 68 тахь нэмж авчран, нийтдээ 84 тахь нутагшуулсан нь өдгөө 330 гаран тоо толгойд хүрч, Дэлхийн хамгийн олон тахьтай нутаг болоод байна.
Мөн Хустайн байгалийн цогцолборт газар түүх соёлын дурсгалт зүйлс элбэгтэй. Тус цогцолборт газрын нутагт болон ойр орчимд, ялангуяа Хустайн нурууны энгэр бэл, ам хөндийн адгаар эртний хүмүүсийн үлдээсэн дурсгалт зүйлс олон бий. 2000 онд Хустай төвийн захиалгаар Монгол улсын ШУА-ийн Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Цогтбаатар, Я.Цэрэндагва, Ч.Амартүвшин нар ХБЦГ, түүний ойр орчмын археологийн зүйлийг тодруулж тайлан бичжээ. Уг тайланд өгүүлснээр ХБЦГ-т болон түүний хил орчмоор түүх соёлын дурсгалт 5 төрлийн зүйлс байдаг.
Дөрвөлжин булш: Тус цогцолборт газарт 160 гаруй бий. Үүнийг хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын үлдээсэн сонгодог дурсгал гэж үздэг. МЭӨ III-II зуунд хамаарагдана.
Хиргисүүр: ХБЦГ-ын өмнөд хэсэгт 19 томоохон хиргисүүр бий. Хиргисүүрүүд нь дугуй болон дөрвөлжин хүрээтэй, тус бүрдээ 8-9 чулуунаас бүрдсэн олон тооны чулуун дагуулуудтай. Хиргисүүрүүдийг эртний хүмүүсийн оршуулгын болон тахилгын зан үйлтэй холбон тайлбарладаг.
Өнгөтийн цогцолбор дурсгал: Энэ нь монголд төдийгүй, төв Азид олдсон хамгийн олон (30 орчим) хүн чулуутай цогцолбор дурсгал юм. Тус цогцолбор нь Монгол нутагт төр улсаа байгуулж байсан Түрэгийн хаант улсын үед буюу VI-VIII зуунд хамаарагдана. Мөн арслан, аргаль хонины чулуун дүрс байдаг. Цогцолбор хөшөөнөөс зүүн урагш зэллэсэн 552 ш балбал чулуутай.
Хөшөө чулуунууд: Тус цогцолборт газарт гаднаа хашлагатай болон хашлагагүй, ямар нэг зураг дүрсгүй 119-187 см өндөртэй чулуун хөшөө 3 бий. Ийм хөшөө чулууд монгол орны төв, зүүн, баруун бүсэд элбэг тохиолддог. Судлаачид хөшөө чулуудыг буган чулуу үлдээгч омог аймгуудтай холбон тайлбарладаг бөгөөд МЭӨ II мянганы эхэн үед холбогдоно.
Буган чулуу: Уртын аманд нэг буган чулуу байдаг бөгөөд МЭӨ II мянган жилийн дундаас МЭӨ I жилийн хооронд хамаарагдана.
Хадны сүг зураг: Тус цогцолборт газрын Эхэн шар чулуут хэмээх газарт 10 гаруй сүг зураг бий. Тэдгээрийн олонх нь янгир ямааг дүрсэлсэн байдаг.
Суварганы туурь: Цогцолборт газрын нутаг дэвсгэрт Баруун мандлын өвөрт суварганы туурь байдаг. Гэхдээ хэдий үеийнх болох нь тодорхойгүй.
Эх сурвалж: ХБЦГ