ДЭМБ-ын 185 орныг хамруулсан судалгаагаар жилд 19 сая хүн хорт хавдраар өвдөж, үүнээс 10 сая орчим хүн нас баржээ. Манай улс хэдийгээр хорт хавдрын тохиолдлоор дэлхийд эхний 50-д ордоггүй ч, нас баралтаар дэлхийн 195 орноос тэргүүлдэг. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж, эмчилж эдгэрүүлэх зорилтыг төр засгаас дэвшүүлж, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэнд-Үндэсний баялаг" уриан дор урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээг үндэсний хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлж байна. Эрт илрүүлэгт /2023.06.08/ нийт хүн амын 31.1 хувь буюу 1.047.271 хүн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэйчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Тус илрүүлгийн үзлэгээс 329 хорт хавдрын оношийг баталгаажуулснаас 255 өвчтөн шинээр оношлогджээ. Тэдний 29 нь онош батлагдсаны дараахан нас барсан нь өвчтөн хожуу шатандаа илрүүлэгт хамрагдаж буйг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн Xүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд xамрагдах иргэдийн идэвх сул, нийт хүн амын дөнгөж 31 хувь нь хамрагдаад байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг ХСҮТ-өөс мэдээллээ. Хорт хавдар өвчнөөс сэргийлэх үүрэг нь зөвхөн эрүүл мэндийн салбарын хариуцлага бус иргэн бүрийн идэвх оролцоо, байгууллагуудын дэмжлэг, төрийн бодлого байдгийг ДЭМБ-аас зөвлөж байна.