Үзүүр бөхийнхөө сумыг буруу хэлж алдаа гаргалаа. Түмэн олноосоо, нэн ялангуяа Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ард иргэдээс, аав ээжээс нь хүлцэл өчье. Миний буруу. Догдлоод алдаа гаргачихлаа. Мөн Төрийн наадмын нээлт, шууд дамжуулалттай холбоотой олон зүйл дээр дотор нь хэд хоног суухдаа ажиглагдсан зарим нэг бодлуудаасаа хуваалцъя.
Г.Доржсамбуу, Д.Сосорбарам, Н.Ганхуяг, Н.Наранбаатар, Б.Баатар, Г.Цоггэрэл, Б.Анар гээд үе үеийн наадам найруулсан олон сайхан найруулагчид энэ зовлонг биеэр туулсан ч ажил сайжруулахад нэмэр болоосой гэсэндээ, төр засгийнхан маань ойлгоосой, дүрэм журмаа өөрчлөөсэй гэсэндээ 3 хэсэг бүхий санал, шийдлээ дор сийрүүллээ.
1. Сонгон шалгаруулалтын тухайд
Жил жилийн наадам болдогоороо л болно. Манай төрийнхний алдаа тухайн наадмын Ерөнхий найруулагчийг тэр жилийнхээ хавар л арайхийн сонгодог. Уг нь 2024 онд наадам найруулах найруулагчийг 2023 оны 9-12 сард сонгон шалгаруулаад, ажилд нь оруулвал сайхан найруулга гарах магадлал өндөр. Тулгаж сонгодог нь уран бүтээлийн талаар тодорхой ойлголтгүйн шинж гэж санагддаг6 Клипийг бол 2-3 сард хийчих байх аа. Иймд ерөнхий найруулагчийн сонгон шалгаруулалтыг эртнээс зарладаг байвал сайн байна.
2. Төсөв санхүүжилтийн тухайд
Наадмын сонгон шалгаруулалтад жил бүр найруулагчид саналаа өгөхгүй байна гэх зовлон Соёлын яамны толгойны өвчин болсоор удсан. Асуудлын гол нь санхүүжилтийг хоцроодог, тулгадаг. Ухаандаа наадмын эхний санхүүжилт 6 сарын сүүл, 7 сарын эхэнд орж ирэх нь түгээмэл. Зарим жил найруулагчид нь “Сүүл мөнгө нь 9 сар дөхүүлж орж ирлээ” гэж ярихыг ч сонсож байлаа. Зүй нь тухайн жилийнхээ 1 сараас эхлээд зохих графикийн дагуу санхүүжилтүүд нь өгөгдөөд явбал тэр олон уран бүтээлчийн хувцас үйлдвэрлэл, тайз засал, техникийн түрээс, хоол хүнс, студийн төлбөр, ажилчдын цалин хөлс зэрэг он гараад л эхэлчихдэг зардлуудыг хаахад тун чиг нэмэртэй. Харамсалтай нь энэ бүх зардал, санхүүжилтийг найруулагчид наадмын өдөр хүртэл өөрөө л олж, зохицуулах хүндхэн сорилттой тулгардаг. Багадаа л 500 сая төгрөг. Ийм учраас наадмын найруулагчаар залуус саналаа өгч орж ирэхгүй байна. Үүнийг уран бүтээлчид бид дотроо л яриад, шаардаад байхаас олон нийтэд дэлгэж тавьсан нь үгүй. Санхүүжилтийг эртнээс шийдэх энэ асуудлыг Шадар сайд, Сангийн сайд, Соёлын сайд гурав нийлж суугаад зарчмын өөрчлөлт хийвэл шийдэж болохоор ажил санагддаг.
3. Найруулга, зохион байгуулалтын тухайд
Наадмын комисс тухайн жилийн наадмын зохиол дээр ажиллаж зөвлөгөө өгөхдөө найруулагчийн орон зай руу хэт их халдаж, дураараа өөрчлүүлдэг, зарим нэг түүхэн үйл явдлыг заавал оруулдаг байдлаа болих хэрэгтэй байна! Атал үзэгч олон тухайн найруулагчийг л дүгнэдэг. Түүнийг л шүүмжилдэг шүү! Ялыг нь үүрүүлэх гэж байгаа бол ямбыг нь ч мөн эдлүүлэх хэрэгтэй, найруулагчид! Уран бүтээлчийн орон зайг нь гаргаж өгөх хэрэгтэй.
Жил бүрийн наадмын нээлт, хаалтанд бүжигчид, дуучид, циркчид, хөтлөгчид, нэвтрүүлэгчид, цэргүүд, хүүхдүүд, сайн дурынхан, ардын авъяастнууд гээд 600-1500 хүн ажилладаг. Үнэндээ мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтрахгүй бол хүчрэхгүй тал бий. Төрийн олон ч байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлага тулгарна. Тэр бүхэнд товлосон хүмүүсийг нь удирдлагууд нь зөвшөөрөх, зөвшөөрөхгүй, өгөх, өгөхгүйн зовлон бас байх юм аа. Энэ бүгдээс болоод найруулгын ажил байнга доголдох, өөрчлөгдөх асуудал гардаг юм байна.
Төв цэнгэлдэхэд гэхэд шууд дамжуулалтад ажиллаж буй зураглаачид өндөр газраас бичлэгээ хийх боломж хомс. Ямар сайндаа л үндсэн хөтлөгчид ажиллаж буй хэсэгхэн дугуй хэсэгт овооролдох вэ. Ард нь сууж буй нэвтрүүлэгчид уг нь дотор байвал илүү зохилтой ч, үндэсний радио, үндэсний телевизийн шууд дамжуулалт 1 давхрын өрөөнүүдээс зэрэг явдаг тул өрөө олдохгүй. Ингээд нартайд ч, бороотойд ч гаднаас л уншихаас өөр сонголтгүй. Энэ жилийн нээлтээр туслах нэвтрүүлэгчээр ажилласан Оюун эгч бид хоёр л гэхэд тайзны ард, пультны хажуунаас ажилласан. Өмнөх жилүүдэд ч бас тэгдэг байсан гэнэ. Даанч бүх уран бүтээлчдийн бөгснөөс харж зогсоо бид хөгжмөөрөө л баримжаалахаас өөр аргагүй байдаг юм байна. Иймд төв асрын зүүн талд зураглаачдыг зогсоох томхон шиг байгууламж шинээр бариад өгвөл илүү цэгцтэй, ажиллахад дөхөм болохоор санагдлаа. Тэгвэл нэвтрүүлэгчид бид найруулагчтайгаа зэрэгцэж суугаад, зааврыг нь дагахад нэмэртэй болов уу.
Наадмаар үндсэн хөтлөгчөөр ажиллах уран бүтээлчдийн тухайд зарим нэг улс “өмчлөх” байдалтай болоод уджээ. Ахмад уран бүтээлчдийнхээ ур чадварыг голсонгүй. Гагцхүү залуу нэвтрүүлэгчиддээ боломж олгох цаг нь болжээ! Наадмын найруулагчид ч үүнийг дээрээс ирсэн шаардлагаар бус, өөрийн сонголтоор хийх ёстой санагдана. Мэдээж мөхөс миний бие үүнд тэнцэхгүй бөгөөд өөр нэвтрүүлэгчдэд хамаатай асуудал ярьж байгааг найзууд бүрнээ ойлгоно биз ээ.
Манайд Монголын үндэсний радиогийн нэвтрүүлэгчид, Монголын үндэсний телевизийн нэвтрүүлэгчид, Орчуулгын киноны уран бүтээлчид 3 том газрын хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллах чадавхитай олон арван залуу уран бүтээлч бий. Тэднээс сонговол жил жилийн наадмууд өөрийн гэсэн олон сайхан өнгө аястай болох нь дамжиггүй ээ.
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” жил жилийн наадамд чадварлаг, сайн сэтгүүлчдээ гаргаж нээлт, хаалтын ажиллагаанд хамтран ажиллаж байвал тун хэрэгтэй санагдлаа.
Микрофоны хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс үндсэн нэвтрүүлэгчид, бөхийн тайлбарлагчид, бөх, морь цоллоочид, дарга нарын индэр гээд хэд хэдэн газар шууд дамжуулалт зэрэг явагддаг юм байна. Энэ асуудал бол найруулагчтай биш Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхний хариуцсан асуудал юм билээ. Заримдаа микрофон шаардлагатай болоод ийш тийшээ сандраад гүйж байгаа явдал нүдэн дээр илт. Хариуцсан хүнгүйн л илрэл юм даа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн микрофонуудыг нэгдсэн удирдлагатай болгож, нэг пультнээс ч юм уу явуулдаг болгох хэрэгтэй санагдлаа... Гэх мэтчилэн яриад байвал анхаарах, шийдэх, өөрчлөх зүйлс чамгүй их харагдлаа. Мэргэн уншигч та тольдон болгоох буй за.