Улсын хэмжээнд 6 мянга гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт явуулын цэг байгуулжээ. Эдгээр цэгт хүүхэд төөрсөн, мөн хүүхэд олсон тохиолдолд хандах хэрэгтэй. Түүнчлэн 102, 108 дугаарын утсанд дуудлага өгөх боломжтой. Мөн завьт, морьт, явган эргүүл ажиллаж байна. Хүн олноор цугларсан газар иргэд халаасны хулгайгаас сэргийлэх, тээврийн хэрэгслээ зориулалтын газар байрлуулах, бага насны хүүхдээ хөтөлж, тэвэрч явах, тэднийг төөрөхөөс сэргийлэх хэрэгтэй. Мөн усархаг бороо орж байгаа тул гэр орноо удаан хугацаанд орхихгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, болзошгүй эрсдэл, үер, усны аюулаас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
Түүнчлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улсын 47 байцаагч, мэргэжилтэн хяналт тавин ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 19 ариун цэврийн байгууламж, 200 гаруй суултуур бий. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд 19,500 ам метр талбайд халдваргүйтгэл хийсэн. Ариун цэврийн байгууламжид ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээг хоёр цаг тутам хийж, байцаагч нар байнга хяналт тавин ажиллаж байна.