Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Обрушански Борбала болон кино багийн хамт олон нийслэлийн удирдлагуудтай уулзлаа. Тодруулбал, Унгар Улсын Үндэсний телевизийн уран бүтээлчид болох продюсер Каломишта Мартон, кино зохиолч Баиер Жолт, зураглаач Крүлик Марцэл болон туслах найруулагч Э.Тулгаа нар нь Монгол Улсын түүх, соёл, зан заншлын тухай баримтат, 14 анги бүхий кино бүтээж, Унгарын болон Монголын үндэсний телевизээр олон нийтийн хүртээл болгохоор ажилдаа оржээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд тэд говиос эхлэн алтайн нутаг хүртэл аялж, 8000 км замыг туулан кино зургаа авчээ. Кино багийн продюсер Каломишта Мартон “Монголын талаар баримтат кино хийхийг олон жил хүссэн. Засгийн газартаа киноныхоо санааг танилцуулахад тэр даруй зөвшөөрсөн. Учир нь манай улсын баримталж буй бодлоготой энэ ажил уялдаж байгаа юм. Киноны маань амин сүнс бол Монгол Улсын соёл урлаг, ёс заншил, үзэсгэлэнт байгаль. Мөн бидний киноноос Монгол болон Унгар Улсын соёлын ижил тал, нийтлэг шинж харагдана” гэлээ.