Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд 540 харваач оролцож байгаагаас 180 нь эмэгтэй харваач юм.
Эмэгтэй харваачдаас Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат, аймгийн мэргэн, МУ-ын спортын мастер М.Мөнхцэцэгийг онцоллоо. Тэрбээр цахилгааны инженер мэргэжилтэй ч сур харваагаар хичээллэж, улсын наадамд 10 дахь жилдээ оролцож байгаа юм. Анх буриад сурын харваагаар хичээллэж эхэлсэн бол өдгөө үндэсний харваагаар цэц мэргэнээ сорьж байна.
Аймгийн мэргэн, МУ-ын спортын мастер М.Мөнхцэцэг “Энэ жил дажгүй сайхан байна. Буриад сурын харваанд 4-р байр эзэлсэн. Одоо үндэсний сурын харваанд цэц мэргэнээ сорьж байна. Наадамд төрүүлэхээс илүү дуртай зүйлээ хийх гэж ирж байгаа болохоор сайхан жаргалтай байдаг” гэлээ.
Тэрбээр сур харвах их дуртай. Харвасан сум оносон оноогүй жаргасаар наадмын өдрүүдийг угтдаг байна.
Аймгийн мэргэн, МУ-ын спортын мастер М.Мөнхцэцэг “Сур харвана гэдэг нь бусадтай биш хүн өөрөө өөртэйгөө өрсөлдөж байгаа гэсэн үг. Би өөрөө орчноо зөв тодорхойлоод, техникээ зөв хийгээд, нум сумаа мэдрээд оролцох хамгийн чухал. Хүнийг дотроос нь хүмүүжүүлдэг гоё спорт” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Дорнод аймгийн Баян-Уул сум харваач мэргэчүүл олон. 10 жил сурын спортоор хичээллэж байгаа М.Мөнхцэцэгийн хувьд үндсэн өгөгдөл нь байсан учраас харваач болох хүслээ ийн биелүүлжээ. Улсын уралдаан тэмцээн бүрт ажлаа зохицуулаад заавал оролцдог байна.
Аймгийн мэргэн, МУ-ын спортын мастер М.Мөнхцэцэг “Залуу харваачид олноор төрж байгаад сэтгэл өндөр байдаг. Харвах техникээ эхнээс нь зөв сурчихад өндөр амжилтад богино хугацаанд хүрэх боломжтой. Гэхдээ техник сурах нь хувь хүний өгөгдлөөс ихэд шалтгаална” гэлээ.
Сурын спортын хамгийн чухал үнэт зүйл нь хувь хүнийг хүмүүжүүлдэг, тэвчээртэй болгодогт байдаг байна.