Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам Урианхай сурын харваагаар эхэлж, долдугаар сарын 8-нд Буриад сурын харваа зохион байгуулагдсан. Нийт 1300 гаруй харваачид оролцсоноос 540 нь Үндэсний их сурын харваанд цэц мэргэнээ сорьж байна. Үүнээс 180 эмэгтэй, 360 эрэгтэй харваачид оролцож байна. Урианхай, буриад сурын харваа, үндэсний их сурын харваа нь Үндэсний их баяр наадмын үндсэн гурван харваа юм.
Долдугаар сарын 10-нд Үндэсний их сурын хана харвааны эхэн, дунд өрөг болсон бол өнөөдөр адаг өрөг, Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг үргэлжилж байна. Энэ жилийн наадамд 3 наснаас 82 насны харваачид оролцож, цэц мэргэнээ сорьж байна.
Урианхай сурын харваанд 353 харваач бүртгүүлснээс Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат “Ховд Алтайн Шонхор” багийн харваач, спортын мастер Д.Алтангэрэл 28 оноогоор тэргүүлж Урианхай сурын улсын мэргэн цолны болзол хангажээ.
Буриад сурын харваанд Улаанбаатар хот, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хэнтий зэрэг аймгийн, нутаг нутгийн 45 багийн нийт 218 харваач цэц мэргэнээ сорьж байгаагаас 74 нь эмэгтэй харваач байна. Тус харваанд Хориод мэргэн болон Дархан мэргэн цолтой 6 харваач, хошой мэргэн 4 харваач, улсын мэргэчүүл, спортын мастерууд, эмэгтэй 74 харваач оролцлоо. Тэргүүн байрт, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, буриад сурын спортын мастер, олон улсын хэмжээний мастер Б.Мөнхбамбар 60 оноогоор эзэлж буриад сурын Улсын мэргэн цолны болзол хангалаа. Хоёрдугаар байрт, Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Орхон аймгийн “Хангарьд” спорт хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн харваач, буриад сурын улсын мэргэн, спортын мастер Н.Өлзийхутаг 58 оноогоор удаалав. Гуравдугаар байрт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Улаанбаатар хотын “Мондэ” багийн харваач Б.Батхуяг 58 оноо авч буриад сурын спортын мастер цолны болзол биелүүллээ.
Эмэгтэйчүүдээс Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, буриад сурын Улсын мэргэн, спортын мастер Ч.Гандаваа 55 оноо авч, буриад сурын хошой мэргэн цолны болзол хангалаа.
Буриад сурын харваа нь исгэрдэг сумаар харвадаг, бай нь их нарийн учраас харваач анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлдэг онцлогтой аж. Ингэснээр Их сурын харваанд амжилт гаргах хөшүүрэг болдог байна.
Урианхай сурын харваагаар эхэлсэн Үндэсний баяр наадмын сурын харваа долдугаар сарын 10, 11, 12-нд Үндэсний Их сурын харваа болж, аварга мэргэнүүд тодорно.