Чамд л гэж гоёх наадам
Гандөрөө гэж эр хүнийг л чимэх дөмөгхөн нэрийг яаж оноож өгөө вэ гэж хэнд ч бодогдом бахим эрийг зодгондоо өсдөг бөх гэж өвгөчүүл хуучлах нь бий. Даалуунд хорхойтой гэж жигтэйхэн. Жаран харын гуншинг цангинасан хоолойгоор жингэнүүлэн дуудахад нь ширмэн тогоо янхийх шиг болдог гэлцэнэ.
"Элэр засгийн үедсэн бол сайн унзад болохоор хоолойтой хүү дээ" гэж учир мэдэх хөгшид ам мэдэн ярихад, бөхөд элэгтэй настнууд "буурал эцгийн талаа дагавал зэгсэн сайн бөх болох учиртай хүү байгаа юм" гэж харамлан дуу алддаг билээ.
Тоодон дээл хөөргөн бүсэлж, бороонд норж хэвээ алдан эсгийрсэн дугуй малгай хэлтгийдүү тавьсан хулгар борыг хэзээ хэнээс даалууны цол гуншин сурсаныг сонирхож асуусан хүн үгүй.
Хорин тавхан насандаа аймгийн наадамд гурван удаа шөвгөрсөн ч үзүүрт хүрч чадаагүй түүнийг гадны бөхөд бууж өгч, нутгийн савдаг хилэгнүүлснээс хойш олигтой барилдаагүй гэж бөхийн засуул Дорж даа тэргүүтэн егүзэр өвгөд хуучилна. Оргүй үг бас ч биш билээ.
Найман жилийн өмнөх учир аж.
Бөхийн өмсгөл ширж, гутал улласаар "Наадам Должин" гэж авгайлагдсан далбагар чихтэй дарилгар хар өвгөний ганц охин Гангаамаад сэтгэл алдарч гаравч оровч бараадан дагасан тэр жилийн цэцэгт улирлын дунд сарын аравдаар зэргэлдээ сумын бөхчүүд Бадрах арслангаа даган ирж, "Наадам" Должингийнд хөллөсөөр хоёр хонов.
<Сумын маань өндөр ой, нас буяны хишиг тохиосон энэ жилийн наадам найман сарын эхээр товлогдсон болохоор хоол болтол шийр зугаа гэгчээр танай нутагт зодоглоно оо> гээд хар хар инээлдсэн сураг, дээл шууж, зодог бүсэлсэн нутгийн харчуудын жидүүг хөдөлгөөд орхисон байлаа.
Сэтгэлт бүсгүйгээ харамлах зөн Гандөрөөг хатгаж, гадны бөхчүүдэд найр тавин сүжрэх "Наадам" Должинд дургүй хүрэвч давхиад очих шалтаг таарсангүй.
Дэмий л холын бараатай довцог дээрээс дурандаж суулаа. Гэтэл гантай ус тэгнэсэн хүрэн тайлаг хөтөлсөн маахай шиг хүрэн эр дагаж яваа Гангамааг олж харсан Гандөрөө бухимдангуй сууснаа мориндоо мордон гэрийн зүг хатирууллаа.
Наадмын өглөө буурал эцгийнхээ хөлсөнд түлэгдсэн гандмал ногоон зодогийг бүсэлсэн Гандөрөө омог шартайхан ирэв. Гаднаас ирсэн ахимаг зааны аманд гурвын даваанд гарсан Гандөрөө бариа зөрөөн дээр гялсхийн суйлчихаад гүйхэд сумын наадамчид алга нижигнүүлэн ташина.
Урьд урьднаас илүү бяр орсон мэт голоод нь бөөн хар юм түрж хүн бүү хэл баавгай таарсан ч тасар татчихмаар санагдана. Дөрвийн даваанд гарахаар шуудагныхаа уяаг чивчиртэл чангалаад зогсож байтал дүрлийтэл ширтсэн Гангаамаа өөдөөс нь инээд алдан хүрээд иржээ.
-Үзэгдэж харагдахгүй хаачив. Дайраад ирэх болов уу гэж бодсон юм. Аав чиний захиалсан зодог шуудгийг оёчихоод хүлээж байгаад, нааш аваад ирсэн. Тэгээд намайг өгөөдөх гэлээ гэхэд
-Баруун зүүнийг магнайлсан арслан заанууд хоймороор тань дүүрч байхад над шиг муу цолгүй жаалд давхиад очих зүрх хаана байх билээ хэмээн шанааныхаа булчинг гүрвэлзтэл шүдээ зуун хэлэв.
-Өө тийм учиртай юмсан уу гэж сулхан дуугараад, барьж ирсэн баадантай юмаа өгчихөөд, урт хар гэзэгээ шидлэн алхсаар эргэж харалгүй явчихлаа.
Үнэ хөлсийг нь асууж амжилгүй хоцорсон Гандөрөө тунасан начинтай барилдахаар гарахдаа дээлийнх захыг мушгиж үлдсэн дотны найз, хүрз Баяраад нөгөөд зодог шуудгаа өгөөд гуяныхаа булчинг хорстол тас тас хийлгэн алгадаад гарав.
Сүүлийн дөрөвт дархан үлдэнэ гэсэн таамгийн эзэн, шижигнэсэн залуу заантай тунасандаа улам ч ааг нь дэвэрч дэвжээ голлон сэнжигдэн хөөсөөр, элэг бүсэнд хүрмэгц тосгуулан цохиж хавираад, залгуулан хонгодож тас гэдрэг нь савчихаад хүчиндээ хэд харайн тогтов.
Тахимаа авчихаад туг тойрч явахдаа "Өө" гэж дуу алдсан наадамчдын захад маахай харынхаа бөөрөнд наалдан зогсох Гангаамааг хараад шүдээ хавирч байлаа.
Огцом гаргасан хүч, омогшиж шарлахсан аагиндаа царай нь цайсан Гандөрөөг ирэхэд, инээд алдан тоссон хүрз Баяраа
-Наадам Должин гуай гараа гарган ширсэн байна. Яасан сайхан өмсгөл вэ гэсээр Гангаамаагийн авчирсан баадантай зодог шуудгийг өгөв.
Цоо шинэ зодог шуудаг барьж үзээгүй өссөн Гандөрөө урамгүйхэн харж сууснаа
-Хэндээ ч гэж гоёхов дээ гэж сулхан хэлээд санаа алдав.
Энэ хавар Гангаамааг хоргоож явахдаа бөхийн өмсгөл оёдог, уран гарт эцэгтэй нь таарч, айсандаа зодог шуудаг захиснаа таг мартсан байв.
Сумынхаа бөхчүүдийг оройлон ирсэн Бадрах арслан долоогийн даваанд хазгай гишгэн шагайгаа гэмтээсэн болохоор түрүүлэх найдвар тасарсан аж.
Гандөрөө ч аагирхаж давсаар үзүүрт хүрэхэд
-За хүү минь нутаг усаар минь шоглон, ногт ганзагалж ирсэн, гадны бөхийг нутгийн уул ус лус савдаг таалсангүй.
Чи олигтойхон хаяж нутгийн дэвжээний босго өндөр гэдгийг сануулж өг хэмээсэн нутгийн наадамчдын өөдөөс ончтой үг хэлсэнгүй.
Гангаамаагийнх нь нүдэн дээр тас савна даа л гэсэн бодол цээжинд нь асч байлаа.
Гэтэл наадам Должин түүнийг сураглан ирээд, олноос зайдуу дуудан аваачиж
-Хүү минь шинэ зодогоо өмсөхгүй яагаав гэж залирхаг инээснээ
-Чамтай үлдсэн Бадрахын эцэг нь өнгөрсөн хавар өөд болсон юм. Бурхан болооч бид хоёр цэргийн онжавууд байлаа гэж гунигтайхан хэлээд нүдээ сүүмийлгэн нухацтай харснаа
-Чамаас нуугаад яахав. Гангаамаа энэ хоёрыг таван ойтой байхад нь сүй тавьсан билээ.
Эцэг нь тамираа тасартал ядарч, эцсийн хоногоо хүлээж хэвтэхдээ надад хандан ганц хүүгээ захиж, "Хүүхдүүдийнхээ багад тавьсан өндгөн сүйгээ чи задлаарай" гэж аминчлан хэлсэн.
Энэ намар Гангаамааг мордуулах бодолтой байна.
Чи ч бөх хүн. Цаадах чинь ч бөх хүн. Залуус та нарын замын хүзүү урт. Манай хүргэн залуу насны ойворгон зангаар ам гарсан бололтой. Сүйт бүсгүйнхээ нутагт том ам гараад түрүүлж чадалгүй унах ямар олиг байхав. Хөл нь шагайгаараа хавдаад гишгэх ч аргагүй болжээ. Ах нь наадмын дараа сайн хэлж ухааруулъя. Миний дүү энэ наадмын түрүүгээ цаадахдаа өгчихөөч. Од нь гүйсэн бөхөөс ийм гуйлттай ирсэн нь ёсонд хазгай хэрэг. Хүний хайлан явсан муу эцгийг нь бодоод бүдүүн зүрх гаргаж явна гэж хэлээд хулмалзан суув.
Зүүн баруун жигүүрээс засуулаа ханаруулан гарч ирсэн үзүүр түрүүний бөхчүүд дэвжээ голлон өрцгөөлөө. Өрөөсөн хөл дээрээ өлмийлдөн гишгэх Бадрах арсланг хараад, "Өрөөсөн хөлтэй бөх хаячихвал жудаггүй гэж шуугилдана. Буугаад өгчихвөл гадны цолтой бөхөд долигонолоо гэлцэнэ. Яая даа байз хэмээн бодож байлаа. Удаан тунгаасны эцэст
"Гангаамаа намайг тоож харсан бишдээ. Гомдох хэрэг юун билээ. Эр нөхрөөрөө бахархаж л яваг дээ. Энэ наадам Гангаамаагийн маань сэтгэлд гэгээн дуртадгал болон үлдэг гэж бодоход түрүүхэн дэврэн асч байсан уур омог уугин уугисаар унтарч байлаа.
Наадмын түрүүгээ булаалгасан нутгийнхан намрын хэдхэн өдөр шуугилдаад мартсан аж.
Эхнэр хүүхэд ч үгүй гоонь хархүү найр тараан нанчилдаж явсаар гучин гуравны дөрхөм тохиосон энэ жил мөрийтэй тоглоомонд хоёр сайхан морио алдчихаад аавынхаа үнэр шингэсэн хөөргийг хэдэнтээ гаргаж, хэдэнтээ буцааж өвөртөлж суутал зүс ижилхэн морьд унасан Гангаамаа нөхөртэйгөө дөрөө харшуулан ирж, уяан дээр буугаад Гандөрөөг дуудав.
Айлын эхнэр аргал хормойлон орж ирээд
-Бадрах арслан эхнэртэйгээ уяан ирээд чамайг уулзъя хэмээв гэхэд дуртай дургүй босчээ.
Үе насны хүдэр эр Бадрах арслан, тал дүүртэл ханхайн завилж, ганган шаавай эхнэрээ гайхуулах мэт инээмсэглэн угтлаа.
-За Бадрах арслан амгалан морилж явна уу. Гангаамаа хүүхэн улам л өнгө орон толийгоод арван наймт шиг жавхалзаж явах чинь вэ гээд инээд алдан очлоо.
-Мэнд ээ хө. Хадам аавынхаа хөдөөлүүлсэн газрыг эргээд, бөхийн цагаан буянд сэтгэл баясан зон олноосоо "наадам" гэсэн сайхан алдар хоч хүртэж явсан хадам эцгийнхээ буяныг нь бодолцон энэ жилийн наадмаар танай энд зодоглох санаатай ирлээ гээд өврөө суйлан хөөрөг даалин гарган тамхилав.
-За тэгвэл энэ жилийн наадам үзүүштэй сайхан болох нь ээ гээд тас тас инээсэн Гандөрөөг цоргитол харсан Бадрах арслан
-Тээр жил, одоогоос найман өмнө билүү. Бид хоёр нэг доороо орсон хуримын жил юмдаг. Би гэж хүрэл зүрхтэн, аатай бөх дуурайн ногт ганзалж ирснээ ам халан бурсан жил юмсан. Наадмын од нь гүйсэн чамайг торж торгоох хүчтэн үгүй байсан жил. Чи бид хоёр үзүүр түрүүнд үлдсэн үед миний шагай булгараад гишгэж болохгүй байж билээ.
Гэтэл миний ханийн аав, чамаас очиж түрүү гуйсныг хожим мэдээд мөн ч их ичсэн шүү хө.
Од нь гүйсэн бөхийн хийморь гундаасандаа одоо хүртэл санаа зовох юм гээд хөлсөө арчив.
-За хаанаас даа хө. Тэр жил би гойд сайн байсан нь үнээн. Гэхдээ шагай булгарах нь бүү хэл шилбээрээ хугарсан ч над мэтийг хөнгөхөн шидчихээр бяртай байсан шүү чи гээд аавынхаа хөөргийг эргүүлж тойруулан харахдаа түрүүхэн мөрийнд алдсан хоёр сайхан мориндоо харамсаж суулаа.
Харчуудын дүнсгэрдүүхэн яриаг хагалан тас тас инээсэн Гангаамаа
-Гандөрөө минь миний аавын хамгийн сүүлд оёсон зодог шуудгаар чи ганц ч наадамд гоёогүй гэж сонслоо. Чамд тэр зодог шуудаг байдаг уу гэхэд
"Буцаагаад өгчих" гэж хэлэх нь дээ хэмээн тааварласан Гандөрөө
-Байгаа байгаа гэж хэлээд тэгш цагаан шүдээ яралсхийлгэн инээв.
-Оёос бүрт нь сэтгэлээ давхар ширсэн аавын минь сүүлчийн ур хийц та хоёрт л үлдсэн юмсан.
Энэ жилийн наадамд ижилхэн зодогтой харчууд үзүүр түрүүнд үнэн хүчээ үзээсэй билээ гээд уртаар санаа алдав.
-Хэндээ ч гэж гоёх билээ дээ гэсэн үг санаандгүй унаган, түүнээсээ ичин сандарсан Гандөрөөгийн өөдөөс
-Надад, надад л зориулаад гоёчих л доо гээд хорголон хар нүдээ тормолзуулан шалав.
-Миний ханийн "анхны хайр"-ын бурхан нь чи юм гэсэн шүү хө. Найман жил намайг дарлан эрхлэхдээ чамайг дурсан ярьж мөн чиг их зовоодог хүүхэн дээ гээд хүд хүд инээж суугаа эр нөхрөө эрхлэнгүй харж
-За хайрын бурхад минь үзүүр түрүүнд хүрч чадаагүй хархүүг нь би сэтгэлийнхээ мухраас хөөж гаргана шүү гээд намжиртай инээж байлаа.
Чамд л гэж гоёх наадмын өдрүүд айсуй
Соёрхын Пүрэвсүрэнгийн зөвшөөрлөөр нийтлэв