Жил бүр дунджаар найман сая гаруй хүн тамхины хөнөөлийн улмаас нас бардаг талаар ДЭМБ-ын тайланд дурджээ. Тамхи нь тухайн хэрэглэгчийн эрүүл мэнд, аминд л халгаатай эд биш. Дам хөнөөл ихтэй. Тамхины ургамлын тариалалт, үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээ болон татсаны дараах хог хаягдлаар дамжин байгаль орчинд асар хөнөөлтэй. Тиймээс эл хэрэглээг бууруулах зорилгоор жил бүрийн тавдугаар сарын 31-нд олон улсын түвшинд тамхигүй өдрийг тэмдэглэдэг болоод 35 дахь жилтэйгээ золгож байна. Тамхи хэмээх тахал болон үүнээс үүдэлтэй өвчлөлд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор 1987 онд үүнийг санаачилж, үүний хүрээнд 2003 онд ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцыг баталжээ. Жил бүр агуулга, хүрээнийхээ хувьд өөр өөр уриа дэвшүүлдэг бөгөөд энэ оных нь “Тамхи байгаль орчинд заналхийлж байна”. Энэхүү кампанит ажлын зорилго нь тамхины тариалалт, үйлдвэрлэл, түгээлт, хог хаягдал зэрэг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар олон нийтийн мэдлэгийг улам дээшлүүлэхэд оршино. АНУ, Канад, Австрали, Германы эрдэмтдийн дүгнэлтийг багтаасан НҮБ-ын “Тамхи ба түүний байгаль орчинд үзүүлэх нөлөө” судалгаанд дурдсанаар жилд 11.4 сая тонн модыг зөвхөн тамхи хатаахад (тамхины цаас, эцсийн бүтээгдэхүүний сав, баглаа боодол үйлдвэрлэхэд шаардагдах нэмэлт зардлыг тооцохгүйгээр) түлш болгон хэрэглэдэг. Энэ нь дэлхийн хэмжээнд үйлдвэрлэсэн 300 тамхи тутамд нэг мод шатаадаг гэсэн үг. Тамхины тариалалтад жил бүр дунджаар 4.3 сая га талбай ашигладаг бөгөөд энэ нь дэлхийн ойн хомсдолын 2-4 хувийг эзэлж байна. Тамхины компаниудын жилийн эрчим хүчний нийт хэрэглээ нь хоёр сая орчим автомашин үйлдвэрлэхтэй тэнцэнэ.
Тамхинаас үүдэлтэй 3-6 мянган тонн формальдегид, 17-47 мянган тн никотин, 3-5 сая тн нүүрстөрөгчийн давхар исэл жил бүр агаар бохирдуулдаг. Утаа нь агаарт тав хүртэл цаг “оршдогийг” энгийн нүдээр харах боломжгүй ч бодит нөлөөлөл нь элдэв хавдар, амьсгалын замын архаг өвчин зэргээр илэрдэг.
Тамхины үйлдвэрүүд хоёр сая гаруй тонн хатуу хог хаягдал гаргадаг. Тамхины ишний гуравны хоёр нь газарт хаягддаг бөгөөд энэ нь жилд 340-680 сая кг хог гэсэн үг. Тамхинд агуулагдах 7000 гаруй химийн бодисын 69 нь хорт хавдар үүсгэдэг болохыг эрдэмтэд нотолсон.
Ташрамд дурдахад, хүн төрөлхтний хорт зуршил тамхийг жигшүүлэх өөр нэгэн өдрийг арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт тэмдэглэдэг. 1977 онд Америкийн Хавдрын нийгэмлэгээс санаачилсан эл өдрийн зорилго нь хүмүүсийг тамхинаас гарах, татгалзахыг дэмжих явдал аж.
ДЭМБ-аас 2025 он гэхэд халдварт бус өвчний шалтгаант нас баралтыг 25 хувиар бууруулах зорилт тавьсан. Тамхинаас үүдэлтэй үхэл, өвчин нь урьдчилан сэргийлэх хамгийн боломжтой шалтгаан юм. Дэлхийн хэмжээнд 10 улс л олон нийтийн газарт тамхи татахыг бүрэн хориглож, хатуу шийтгэдэг байна.
- Финланд 1977 онд энэ дагуух хуулиа хэрэгжүүлж эхэлсэн. Олон нийтийн газарт тамхилбал 50-150 евро. Насанд хүрээгүй тохиолдолд шоронд буюу тусгай хүмүүжлийн лагерьт хоригдох нигууртай. Тус улс 2040 он гэхэд тамхинаас бүрэн ангижрах зорилттой.
- Ирланд улс 2004 онд олон нийтийн газарт тамхи татахыг хориглож, зөрчсөн тохиолдолд 3000 еврогоор торгох болсон. Баар, цэнгээний газарт үйлчлүүлэгчдээ тамхи татахыг зөвшөөрч өрөө гаргаж өгвөл 10 000 еврогийн торгууль ногдуулдаг аж.
- Швед 2005 онд энэ төрлийн хуультай болж, мөрдөөгүй бол 100 хүртэл еврогоор торгодог. Шведүүд Финландын адил энэ зууны дунд үе гэхэд тамхины хэрэглээнээсээ татгалзсан улс болохоор зорьж буй.
- Шотланд, Энэтхэг, Франц, Германд 2008 оноос олон нийтийн газарт тамхитай “дайтаж”, хууль баталсан байна. Эдгээрээс хамгийн өндөр торгуультай нь Герман буюу 1000 евро “мултарна”.
- Британи 2006-2007 онд үе шаттайгаар татгалзаж эхэлсэн бөгөөд хуулийг үл тоовол 2500 фунт стерлингээр торгоно.
- Япончуудад ийм хууль 2009 оноос үйлчилж буй. Зөрчвөл 1000-40 000 иений торгуультай.
- Грекчүүд 2010 оноос олон нийтийн газарт тамхи татахгүй болсон. Зөрчсөн хүн 50-200 еврогоор торгуулах бол давтан үйлдэлтэй тохиолдолд энэ тоо 10 мянгаар хэмжигдэнэ.
Түүнчлэн Франц зэрэг найман улс тамхинаас гарах иргэдээ дэмжиж гурван төрлийн (тамхинаас гарахыг оролдож буй хүмүүст зориулсан тусламжийн утас, энэ төрлийн эмчилгээний төлбөрийг даатгалд хамруулах, никотин орлуулах эмчилгээ) үйлчилгээ үзүүлдэг юм байна.