Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, хоёр сумын Эрүүл мэндийн төв, ГССҮТ-ийн Түлэнхийн төвд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх бүрэн тоноглогдсон “Ниссан Патрол” загварын түргэн тусламжийн автомашинтай боллоо. Автомашин гардуулах ёслол өнөөдөр ХӨСҮТ-ийн талбайд болж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Кобаяши Хироюки болон ЭМЯ, эмнэлгийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцжээ. “Ниссан Патрол” маркийн 24 машиныг бүх аймгийн Нэгдсэн эмнэлгээс гадна Өвөрхангай аймгийн Богд, Баянхонгор аймгийн Баацагаан сумын ЭМТ, ГССҮТ-ийн Түлэнхийн төвд өгчээ. Аймаг орон нутаг туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай болсноор эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний чадавх сайжирч, улмаар өвчтөний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэртэй.